“Тавантолгой” ХК орон нутгийн нүүрсний үнийг 50 хувь буулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 17:39:36

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18-р хуралдаанаар Өмнөговийн ард иргэдэд нүүрсний борлуулах үнийг тодорхой хугацаанд бууруулах чиглэлийг орон нутгийн өмчит Тавантолгой ХК-нид өгсөн юм.

Ард иргэд одоогоор нүүрс борлуулах цэгүүдээс тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд хэрэв нүүрсний үнийг буулгах хурлын тогтоол хэрэгжиж эхэлвэл 17600 төгрөгөөр нүүрсээ авч эхэлнэ. Харин уурхайн  аман дээрээс нь очиж авбал 8800 төгрөг байх юм. Тэгвэл уг тогтоол ирэх сарын 1-нээс эхлэн 45 хоногийн хугацаатай хэрэгжих болсон тухай таатай хариуг тус компаний ТУЗ-ийнхөн өглөө. Энэ талаарТавантолгой ХК-нийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржоос дараах тодруулга авсанаа хүргэе.
-Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч? 
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.  Монголын болон Дэлхийн эдийн засгийн байдал хүнд байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон улсын нэр хүнд бүхий судалгааны байгууллага, эдийн засагчид байнга мэдээлж байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь  түүхий эдийн үнэ унах, дэлхийн эдийн засаг удаашрах бодит шалтгаан болж байна. Дэлхийн түүхий эдийн үнэ БНХАУ-ын эдийн засгаас шууд хамааралтай болсон. Нүүрсний үнэ жил бүр 10-20 хувиар унаж байгаа. Ойрын хугацаанд эрэлт өсөхгүй гэсэн таамаглалтай байна. Гэхдээ дэлхий нийтээр нүүрснээс татгалзаж байна гэж яриад байгаа нь тийм ч үнэн биш.
-Орон нутаг, дотоодын нүүрсний борлуулалтын талаар?
-“Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор нүүрснийхээ үнийг буулгаж, иргэд, ААН байгууллагуудын эдийн засагт үүсэх дарамтаас хуваалцахыг эрмэлзэж ирсэн. Жил бүр аймгийн өвөлжилтөд зориулж 20 хувь хямдруулдаг. Энэ жил уурхайн аман дээр өөрийн машинаар очоод худалдан авахад 1 тн нүүрсний үнэ 8800 төгрөг.  Дунд ба түүнээс доош орлоготой иргэд, нэг удаад их хэмжээгээр авах боломжгүй, уурхай дээрээс очиж худалдан авалт хийх боломжгүй, тээвэрлэх унаагүй, жижиглэнгийн худалдан авагчдад үйлчлэх зорилгоор  аймгийн төвийн 3 цэгээр  дамжуулан 16500 төгрөгөөр худалдаалж ирсэн.  Манай нүүрс борлуулах цэг  Баруун сайхан, Дунд сайхан, Зүүн сайханд байрладаг. Уурхайн нүүрсний өөрийн өртөг нь уул, технологийн нөхцөл байдлаас хамааран байнга өсөн нэмэгдэж байдаг. 2010 онд нүүрс олборлолтын өөрийн өртөг 26550 төгрөг байхад тээврийн зардлаа оруулаад 16000 төгрөгөөр аймгийн хэрэглэгчдэд борлуулж байсан. Түүнээс хойш жил бүр өртөг нэмэгдсээр 2014 онд 41160,8 төгрөг болоход нүүрснийхээ үнийг 25000 төгрөг болгосон билээ. Одоогоор нүүрсний өөрийн өртөг 43500 орчим төгрөг байна.  Гэвч бид нүүрсний үнийг аль болох бага байлгах үүднээс алдагдлаа гадаад борлуулалтаас нөхөж ирсэн. 
-Нүүрсний үнэ хэр хугацаатай 8800 төгрөг байх вэ? 
-Иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа энэ үед илүү хямд байлгах талаар ЗДТГ, ИТХ- тай хамтран ажиллаж нүүрсний үнийг байж болох хамгийн бага хэмжээнд буулгасан. 45 хоногийн хугацаатай үнэ буулгаж байгаа. Энэ хугацаанд ард иргэд маань өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж авдаг. 
-“Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн төсвийн 70-80 хувийг дангаараа бүрдүүлдэг? Энэ тухайд?
-Маш олон зүйл ярьж болно. Товч бөгөөд тодорхой 2 зүйлийг  тодруулж хэлье. Үүнд 1-рт нүүрсний үнийг буулгаж худалддаг энэ үйл ажиллагаа бол цэвэр нийгмийн хариуцлагатай холбоотой. Дотоодын нүүрсний өөрийн өртөгөөс бага үнээр худалдаж, түүнээс үүссэн алдагдлыг уурхай өөртөө хүлээдэг. Өртөг болон худалдах үнийн зөрүүг  уурхайн алдагдал бус, харин нүүрс худалдан авсан иргэн таньд уурхайн зүгээс өгч буй биет бус урамшуулал гэж ойлгодог. Өнөөгийн байдлаар 1 тн нүүрснээс иргэн таны хэмнэлт 15000-18000 төгрөг шүү дээ. Сүүлийн 5 жилд үзүүлсэн хөнгөлөлтийн нийт хэмжээ 2,7 тэрбум төгрөг болж байгаа.  2-рт улс орон нутгийн төсөвт оруулсан хувь нэмэр. Сүүлийн 10 жилийн хугацаанд төсөвт 578,2 тэрбум төгрөг төлсөн байна. Монголын бүхий л компаниудаас сүүлийн 5 жилийн хугацаанд төлсөн нийт татвараар улсдаа 6-р байранд орсон.  Өмнөговь аймагт ногдол ашиг хэлбэрээр 110.0 тэрбум төгрөг төлсөн. 
-Өмнөговь аймгийн нийт хэдэн хэрэглэгчид танай уурхайгаас нүүрс худалдан авч байна вэ?
-Аймгийн 15 сумаас Гурван тэс, Ноён, Сэврэй гэсэн 3 сумаас бусад бүх сумд нүүрсээ татан авдаг. Даланзадгад хотын хэрэглэгчдийн судалгааг танилцуулбал монгол гэрт 5254 өрх, хувийн байшинд 1244 өрх, нам даралтын зуух ашиглан котель халааж байгаа 1233 өрх, мөн 5 уурын зуух ажиллаж байна. Жилдээ 150 орчим мянган тонн нүүрс хэрэглэдэг. 

    Өмнөговь аймаг С.Сумьяа

 

 

Related news