Нийгмийн даатгалынхан авлагагүй донор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 14:31:06

Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн үйл явдлын багц мэдээ

Нийгмийн даатгалынхан авлагагүй донор болов

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын ажилчид цусны авлагагүй донор аянд нэгдлээ.

Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон эрдэнэт хүмүүний амийг аврах эгэлгүй сайхан үйлсийн төлөөх аянд нэгджээ. Тус байгууллагын дөрвөн ажилтан өнөөдөр цусны авлагагүй донор байгууллага болохоор цусаа хандивлалаа.

Хууль сурталчлах ажлыг шуурхайлж байна

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлсээс нийгмийн даатгалын тухай хууль, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулийг аймгийн 17 сум, 6 тосгодын иргэдэд сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Тус хэлтсийн хамт олон өнөөдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Төмөр замын цэцэрлэгийн ажилтан албан хаагчдад нийгмийн даатгалын тухай хууль, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулийн талаар сургалт хийлээ.

Алдарт дуучдынхаа тоглолтыг Сэлэнгэ түмэн хүндэтгэн үзлээ

            Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд Монгол Улсын ардын жүжигчин, гавьяат жүжигчдийн "Сүлдэнд мөнхөрсөн Алтан үеийнхэн" урлагийн тоглолт боллоо.

Тоглолтонд Монгол Улсын ардын жүжигчин н.Самбуу, н.Батсайхан, гавьяат жүжигчин н.Явгаан, н.Даваахүү, н.Цэрэндорж, н.Надмид, н.Сийлэгмаа, н.Баяраа, н.Амгалан нарын урлагийн алдартнууд оролцож, ая дуугаа өргөсөн юм. "Сүлдэнд мөнхөрсөн Алтан үеийнхэн" тоглолтын үеэр “Сэлэнгийн долгио” чуулгын байр суудалгүй дүүрч, Сэлэнгэ түмэн халуун дотно хүлээн авсан. Дахин давтагдашгүй уянгалаг ядуу хоолой, сэтгэлд мөнхрөн хоногшсон сайхан дуунуудаараа ард түмний хайрыг татсан эдгээр дуучдыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат урин залж, Сэлэнгэ түмэндээ өргөн барьжээ.

Баялаг бүтээгчид Мандалд чууллаа

Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт зөвлөлгөөн Мандал суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ББДХолбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү нар оролцлоо. Зөвлөгөөний үеэр Орон нутагт үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, Жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлого, Сэлэнгэ аймгийн ЖДҮ-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг хүргэлээ. Зөвлөгөөний үеэр Сэлэнгэ аймгийн 15 сумдын баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймаг. Ч.Отгонцэцэг

Related news