Халамж, түлшний хөнгөлөлт олгохгүй байгаад шүүмжлэлтэй хандав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:42:37

Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан Жаргалант сумын 12 багийн иргэдтэй тодорхой хуваарийн дагуу уулзалт хийлээ.

Уулзалтаар аймгийн 2012-2015 онд хийсэн ажлаа танилцууллаа. Энэ үеэр халамж,эрүүл мэнд, эрчим хүч, боловсрол зэрэг салбар бүрээс ажил хариуцсан мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариу өглөө.

Засаг даргын тайланг сонссон иргэд залуучууд их зүйл хийсэн,нүдэнд харагдаж байна. Хийсэн зүйлийг дандаа харлуулж болохгүй, улам илүү хичээж ажиллах хэрэгтэй гэдэг саналыг хэд хэдэн хүн илэрхийллээ.

Харин жишиг гудамжны хогийн сав эвддэг, шинэ тавьсан гэрэлтүүлгийг хагалдаг,замын хашлага машинаар дайрдаг, бүтээн байгуулалтыг сүйтгэдэг уйваагүй хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг санал олныг хэлж байв.

Иргэд халамжийн санхүүжилт,түлшний хөнгөлөлт олгогдохгүй байгаа,төрийн албан хаагчийн шалгалт шударга бус явагддаг, сурах бичгийн үнэ амьжиргааны доод түвшинд амьдардаг 2-3 хүүхэд сургуульд сурдаг иргэдэд хэт өндөр үнэтэй, эрүүл мэндийн шинжилгээг өрхийн эмнэлэгт авдаг байх, зурагт тоон системд орсонтой холбогдон 90,0 мян төгрөгөөр суваг тохируулагч  худалдан авч чадахгүй байгаа, газрын өргөдөлд хариу өгдөггүй, Ховдын утаа Улаанбаатараас дутахгүй болсон зэрэг олон асуудалд үзэл бодлоо илэрхийллээ.

Аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Амгаланбаатар  олонх иргэдийн тавьсан халамжийн тэтгэвэр саатаж байгаа шалтгааныг төсөв орлого бүрдээгүй учир халамжийн санхүүжилт бүрэн өгч чадахгүй байна.Энэ 9 сард 50 хувь,10 сард 50 хувь нь орж ирсэн,санхүүжилт ирсэн тохиолдолд түлшний хөнгөлөлт олгоно гэв.

Сурах бичгийн тухайд амьжиргааны доод түвшиний хүүхдүүдийн ном олгогдсон. Цөм хөтөлбөртэй холбоотой сурах бичиг өөрчлөгдсөн гэдгийг 7 дугаар сургуулийн менежер хэлж байв.

Баатархайрхан багийн өрхийн эмч Нина  бүх өрхийн эмнэлэг дээр саахар тодорхойлох,умайн хүзүүний хавдрын шинжилгээ, залуу гэр бүлд зориулсан шинжилгээ хийгддэг.Харин түргэвчилсэн тэст Бүсийн оношилгооны төв хуваарилаагүй байна гэв.

Аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяр иргэдээс гарч байгаа саналыг тухай бүр эрэмблэн нэг асуудлыг давтахгүй байхыг сануулж, бас бичгээр асуулт  авч тухайн асуудалтай холбоотой санал бүрийг дор дор нь холбогдох мэргэжилтнүүдээр хариулт, мэдээлэл өгүүлж ажиллав.

Аймгийн төвийн  Жаргалант сумтай холбоотой  дийлэнх асуудалд  ИТХ-ын дарга Н.Энхтөр,  засаг дарга Д.Баасандорж  нар  иргэдийн асуултад тодорхой хариулт өглөө.

А.Бямбасүрэн

Related news