Титэмт вирустэй хамгийн сүүлийн хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2015-11-25 13:29:05

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж титэмт вирусийн халдвар авсан сүүлийн хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам мэдээлжээ.

35 настай эрэгтэй Өмнөд Солонгост уг вирусийн халдвар ид тархаж байсан үеэр зургадугаар сарын 8-нд эмнэлэгт хүргэгдсэн байна. Титэмт вирусийн халдвараас гадна тэрбээр цус төлжүүлэх системийн хүнд өвчин туссан байжээ. “Биеийнх нь байдал эрс муудаж, нас барсан” гэж Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам онцлон тэмдэглэсэн байна.

Одоо тус улсад титэмт вирусийн халдвар авсан нэг ч хүн үлдээгүй байна. Уг вирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгос энэ оны тавдугаар сард бүртгэгдсэн юм. Халдварын тархалт ерөнхийдөө зогссоныг долдугаар сарын сүүлээр мэдэгдсэн билээ.

Өмнөд Солонгост 186 хүн титэмт вирусийн халдвар авснаас 36 нь нас баржээ.

Д.Жаргал

 

 

Related news