Баяндэлгэрийн улаан ямааг үүлдрээр баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд голчлон үржүүлдэг улаан зүсмийн ямааг өнгөрсөн оны сүүлчээр бие даасан үүлдэр болгож баталжээ. Энэ талаар тус аймгийн “Цөм сүргийн үржлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Г.Уранчимэгээс тодрууллаа.
-Баяндэлгэрийн улаан ямааг тусгай үүлдрээр батлуулах ажил хэрхэн явагдав?
-Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А\33 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг манай аймгийн бүх суманд үржүүлж буй ноолуурын чиглэлийн улаан зүсмийн ямаанд явуулсан сонгон үржүүлгийн ажлын үр дүнд хянан магадлагааг өнгөрсөн оны хавар, намар хоёр удаа явуулсан юм. Ажлын хэсгийнхэн улаан ямааны цөм сүргийг бүрдүүлж байгаа Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Баруун-Урт сумын ямаан сүрэгт ангилалт, ашиг шимийн гарц, чанарт хяналтын судалгааг нийтдээ төрөл бүрийн нас хүйсний 1125 ямаанд хийсэн юм. Хянан магадлагаа хийсэн ажлын тайланг холбогдох эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эрдэмтэдийн санал шүүмжлэлийг авсаны дараа 2015 оны 12-р сарын 15-ны өдөр Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж ноолуурын чиглэлийн “Баяндэлгэрийн улаан” гэсэн нэртэй бие даасан үүлдэр болж батлагдлаа.
Ингээд Сүхбаатар аймаг нэгэн шинэ үүлдрийн ямаатай болжээ. Улаан ямааны ашиг шимийн гол үзүүлэлтээс дурдвал?
-Баяндэлгэрийн улаан ямаа нь ардын селекцийн олон жилийн шилэлт сонголтын үр дүнд бий болсон юм. 1985 онд үржлийн омог болж байлаа.
-Улаан ямааг аймгийн бүх сумдад ямаан сүргийн үндсэн сайжруулагчаар ашигласнаар одоо манай аймгийн нэг сая гаруй ямаан сүргийн 90-ээд хувийг улаан ямаа эзэлж байна. Үзмэн хүрэн буюу улаан зүстэй ямааны үндсэн ашиг шим нь дэлхийн жишигт тэнцэхүүц сайн чанарын цайвар өнгийн ноолуур юм. Нэг ямаанаас дунджаар 15-16 микрон голч бүхий 305-464 грамм нарийн ноолуур авч байна. Амьдын жин, махан ашиг шимээр ч жирийн монгол ямаанаас илүү болох нь судалгаагаар нотлогдож байна.
Баяндэлгэрийн улаан ямааны дотор амьдын жин ихтэй “Нарт”, нарийн ноолууртай “Жирэм”, урт ноолууртай “Дэлгэр” гэсэн гурван удам бүртгэгдээд байна.
-Улаан ямааны үүлдрийн зохион бүтээгчээр ямар хүмүүс батлагдав?
-Нутгийн улаан ямааны ашигтай шинж чанарыг судалж, сонгон үржүүлгийн ажлыг олон жил удирдаж зохион байгуулсан ХАА-н ухааны доктор, мал зүйч Н.Надмид, мал зүйч агсан Д.Шаарийбуу, Ж.Санжмятав, мал зүйч Д.Мөнгөнцэцэг, мөн миний нэрийг тухайн үүлдрийн зохион бүтээгчээр баталлаа.
Баяндэлгэр сумын нэгдэл, бригад, багийн үе үеийн дарга, малзүйчид, малчид гээд олон хүний удаан жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд “Баяндэлгэрийн улаан” гэсэн ямаа шинэ үүлдэртэй болж байгаа юм.
Г.Сүхээ