Залуусын бизнес санааг 10 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-01 16:17:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Оролцогч залуус өөрсдийн бизнес санаагаа уралдуулж, шилдэг гурван санааг шалгаруулж тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болов.

Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт бүртгүүлсэн 105 залуугаас зохион байгуулагчид 50 залууг сонгон авч, гурван өдрийн турш гарааны бизнесийн сургалт явуулжээ. Залуучууд 41 бизнес санаа танилцуулснаас тооцоо судалгаатай, хэрэгжих бүрэн боломжтой, цаашлаад аймаг орон нутагт эрэлттэй бизнес санаа болох хог хаягдлыг ангилан ялгах цех, ажлын бээлийний үйлдвэрлэл, Дарьганга сувинер урлал гэсэн бизнес санааг шалгаруулжээ.

Гарааны бизнес эрхлэгчид  журмын дагуу10 сая төгрөгөө 36 сарын дотор эргэн төлөх шаардлагатай. “Хог хаягдал ангилан ялгах цехийн санааг Сүхбаатар хөгжил Үйлдвэрлэл технологийн  паркаас хийсэн хогны менежментийн судалгаанд үндэслэж боловсруулсан байна. Тиймээс хэрэгжих бүрэн үндэслэлтэй аж. Төслийн багийнханд эхний удаа шардлагатай хог хэрчиж жижиглэх болон жижиглэсэн хогоо боож баглах гэсэн хоёр тоног төхөөрөмж шаардлагатай. Багласан хогоо Улаанбаатар хотын үйлдвэрт нийлүүлэх юм. Тус цех ашиглалтад орсноор дөрвөөс таван хүн тогтмол ажлын байраар хангагдана.

"Цехийн үйл ажиллагаа амжилттай байвал аймаг орон нутгаас дахин дэмжиж, Сүхбаатар хөгжил Үйлдвэрлэл технологийн парктай хамтран ажиллах  боломжтой гэсэн. Бид орон нутагтаа өөрсдөө хогоо боловсруулдаг жижиг үйлдвэртэй ч болох боломжтой" гэж  хог хаягдлыг ангилан ялгах цехийн бизнес санааг боловсруулагч Б.Алтангэрэл ярилаа.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнес дэмжих хөтөлбөр нь залуучууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны болон санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих төсөл арга хэмжээнд хамруулж, байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой аж. Сүхбаатар аймагт дээрх хөтөлбөр хэрэгжиж байсан ч зөвхөн МСҮТ-ийн төгсөгчдөд санхүүгийн дэмжлэг хэлбэрээр олгож байсан юм.

Т.Одончимэг

関連ニュース