Бүлэглэж мал хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-08 20:37:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Сүхбаатар аймгийн Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт, Түвшинширээ суманд гарсан малын хулгайн хэргийг аймгийн Цагдаагийн газар илрүүлжээ. Тээврийн хэрэгсэл ашиглаж, иргэдийн 22 тооны бод малыг бүлэглэн  хулгайлсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж байгаа аж. 

Дээрх малыг Сүхбаатар аймгийн харьяат таван этгээд бүлэглэж  2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сарын хооронд үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэд долоон удаагийн үйлдлээр малчдад нийт 18,5 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Мөн Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан сумын нутаг дэвсгэрт иргэдийн 14 тооны бод малыг хулгайлж 9,2 сая төгрөгийн хохирол буй болгосон малын хулгайн хэргийг илрүүлэн шалгаж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Т.Одончимэг

関連ニュース