Шашны байгууллагуудад хамтарсан шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-31 21:51:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аймгийн ИТХ-ын даргаар батлуулсан удирдамжийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сүм, хийд, цуглаануудад аймгийн ИТХ-ын ажлын алба, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэстэй хамтарсан шалгалтыг энэ сарын 22-ноос 29-ний өдрүүдэд  хийжээ.
Хамтарсан шалгалтад уламжлалт шашны
гурван хийд, уламжлалт бус шашны буюу христийн нэг сүм, гурван цуглаан хамрагдсан ба тэдгээрийн нэр хаяг, урсгал чиглэл, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байгаа эсэх, харъяа байгууллага, удирдах албан тушаалтан, ажиллагсадын тоо, санхүүжилт, сүсэг бишрэлтний тоо, хамтран ажилладаг бусад байгууллага, үйл ажиллагаагаа хэзээнээс явуулж эхэлсэн зэрэг холбогдох мэдээллүүдийг авчээ.



Шашны байгууллагуудад илэрч байгаа нийтлэг зөрчил нь үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй, хөрөнгө санхүүжилтийн хувьд тодорхой бус, холбогдох хууль эрх зүйн мэдлэг байхгүй, нөгөө талаар тэдгээрт хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагын хараа хяналт, хуулийн хэрэгжилт сул байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс
цаашид шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, иргэдэд хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, тусгай зөвшөөрөл өгөх арга замыг тодорхой болгож хууль хяналтын байгууллагууд тогтмол хяналт тавьж ажиллах шаардлагатай. Энэ удаад шалгалтаар илэрсэн алдаа дутагдал, зөрлөө богино хугацаанд арилгах чиглэлийг шашны байгууллагуудад өгсөн гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд уламжлалт шашны чиглэлээр 14 хийд, уламжлалт бус буюу бусад шашны сүм, цуглааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ес нийт 23 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 

関連ニュース