Иргэдээс гарсан шинэлэг санааг 2019 оны ажлын төлөвлөгөөндөө тусган, ажил хэрэг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-09 16:56:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас төрийн болон төрийн бус байгууллага, албан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллийг оролцуулсан “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улмаар хэлэлцүүлгээс гарсан шинэлэг санаануудыг 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхээр болсон юм.

Баруун-Урт сумын есөн багийн Засаг дарга нараар ахлуулсан багууд өөрийн амьдарч буй багийн нутаг дэвсгэрт голлон гардаг гэмт хэрэг, зөрчил түүний үр дагавар цаашлаад түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд аймгийн Цагдаагийн газартай хамтран ямар төрлийн ажил хийж хэрэгжүүлэх боломжтой талаар хэлэлцсэн юм.

Баруун-Урт сум төвийн найм, хөдөөгийн нэг багтай. Хөдөөгийн наймдугаар багийн хувьд 920 малчин өрхийн 210 мянган толгой малтай томоохон баг. Баруун-Урт сум нь өөрийн гэсэн газар нутаггүй, малчид нь хил залгаа сумдын газар нутаг дээр нутагладаг. Тиймээс тус багт мал хулгайлах гэмт хэрэг хамгийн их гардаг байна.

“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд малчдын бүлэг холбоо байгуулах, Цагдаагийн газар болон хэсгийн байцаагч нартайгаа байнгын хамтын ажиллагаатай байх их чухал. Одоогоор манай багт малчдын бүлэг байхгүй. 2018 онд судалгаа явуулсны дүнд хоёр малчны бүлэг байгуулахаар болсон. Үүний үр дүнд үндэслэн цаашид бүлэг байгуулах ажлыг шат дараатай хийнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэг маш үр дүнтэй, шинэлэг ажил болж байна. Бид тулгамдаж буй асуудлаа хууль хяналтынханд танилцуулж, цаашдын гарц шийдлээ хамтдаа эрэлхийлж байгаад талархалтай байна” хэмээн наймдугаар багийн Засаг дарга Д.Гантөмөр хэллээ.


Төвийн найман багийн тухайд гудамж талбайн гэрэлтүүлэг муу, авто замын хяналт дутмаг, гадна орчны хяналтын камергүй зэрэг нь гэмт хэрэг зөрчил гарах гол үндэс болдог гэлээ. Нөгөө талаар Цагдаагийн газраас холбогдох эргүүл шалгалтыг тогтсон хугацаанд хийдэг ч хүн хүч муу учир энэ нь хангалттай байж чаддаггүй гэдгийг хэлээд олон нийтийн цагдаа болон эргүүлийн цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байсан юм. Мөн хууль сурталчлах ажлыг үе шаттай тогтмол зохион байгуулах, баг тус бүр дээр хөршийн холбоо байгуулах, иргэдтэйгээ хамтын ажиллагааны гэрээ байгуулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажилд төр болон ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай зэрэг олон шинэ санааг гаргаж байлаа.

Баг бүрээс гарсан шинэ санаануудыг аймгийн Цагдаагийн газар 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэсгийн байцаагч нартайгаа хамтран ажил хэрэг болгож, тодорхой үр дүн гаргахаа илэрхийллээ. 

関連ニュース