Авто замын хураамжийг нэг талдаа авдаг болгох асуудлыг судлахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-10 14:06:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт-Өндөрхаан чиглэлийн авто замд байрладаг төлбөр авах цэг орох, гарах хоёр чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслээс хураамж авдаг. Энэ байдлыг иргэд удаа дараа шүүмжилж, хүсэлт тавьж байгааг үндэслэн аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нэг талдаа хураамж авдаг болгох талаар судлах үүргийг холбогдох газарт өгчээ.

Төлбөр авах цэг нь авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн даац, суудлын тооноос хамааран 1000-10000 хүртэлх төгрөгийн хураамж авдаг бөгөөд энэ цэг орон нутгийн бус Зам,  тээврийн хөгжлийн төвд харъяалагддаг. Тиймээс төлбөр хураамжийг нэг талдаа авдаг болгох эсэх шийдвэрийг орон нутагт зохицуулах боломж байхгүй. Зөвхөн Зам тээврийн хөгжлийн төвийн шийдвэрээр зохицуулагддаг учир аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсээр дамжуулан холбогдох газарт хүсэлт хүргүүлж болно гэдгийг аймгийн Авто тээврийн газрын дарга Д.Отгонбаяр хэллээ.

Мөн төлбөр авах цэгийн ажилтны ярьж буйгаар авто замын тухай хуульд тухайн төлбөр авах цэг нь замын төгсгөлд байрладаг бол орох, гарах хоёр талд хураамж авах ёстой. Харин замын дунд байрладаг бол нэг талдаа хураамж авна гэж заасан байдаг. Тиймээс Баруун-Урт-Өндөрхаан чиглэлийн авто замын төлбөр авах цэг хуулийнхаа дагуу ажиллаж байгаа. Төлбөр авах цэгээр дамжин өдөрт дунджаар 200 орчим машин орж гардаг. Тухайн машинуудаас авсан төлбөр Авто замын хөгжлийн төвийн дансанд хуримтлагддаг байна.

Баруун-Урт-Өндөрхаан чиглэлийн А2001 дугаартай улсын чанартай авто замд замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэг 2016 онд ашиглалтад орсон юм.

関連ニュース