Ахмад хилчин Д.Эрдэнэсамбуу улсын аварга малчны шагналаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-02 11:29:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Наран сумын нэгдүгээр багийн малчин Д.Эрдэнэсамбууд Монгол Улсын аварга малчны шагналыг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч Т.Мөнхболд нар гардуулан өглөө.

Д.Эрдэнэсамбуу нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул бөгөөд 1971 онд тус аймгийн Онгон суманд цэргийн алба хааж, улмаар цэргийн албандаа улиран үлдсэнээр суурших болжээ.

Д.Эрдэнэсамбуу гуай бэлтгэл дэд хурандаа цолтой, ахмад хилчин. 1975 онд гэргий Ж.Алтанцэцэгтэй гэр бүл болсноос хойш цэргийн албаныхаа хажуугаар мал маллаж эхэлсэн. Өдгөө тэд зургаан охин, нэг хүүтэй. Хүү нь эцэг эхээ даган малчин болжээ.


65 насныхаа босгон дээр Улсын аварга малчин хэмээх эрхэм цолыг хүртсэн тэрээр “Сүхбаатар нутаг надад хайр ивээлээ харамгүй өгсөн сайхан нутаг. Эр цэргийн албанд ирж, ханьтайгаа учирч хамтын хүчээр өнөөдрийн энэ амьдралыг бий болгосон. Миний энэхүү амжилтын талаас илүү хувь нь миний ханийн хөдөлмөр зүтгэл юм шүү дээ. Намайг манай нутгийнхан яг л өөрийн нутгийн хүү шиг хайрлаж, хүндэлдэг. Би ч өөрийгөө гадны хүн биш энэ нутгийн хүн л гэж боддог. Ажил, амьдрал аль алинд нь авч болох бүхий л сайн сайхан зүйлсийг би хүртлээ. Энэ бүхнийг би энэ нутгийн уул ус, байгаль дэлхийтэй холбоотой гэж боддог. Намайг үргэлж түшиж байдгийнх нь илрэл юм даа. Нас дээр гарсан ч хэдэн малынхаа буянд төрийнхөө хайр ивээлийг хүртэж, шагналаа аймгийнхаа засаг даргаас гардан авсандаа үнэхээр их баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав ээж болон ханийнхаа аав ээж, ахан дүүс, үр хүүхэд, ач зээ та бүхэндээ талархая.” хэмээн нулимс дуслуулан ярилаа.

Түүний хувьд Наран сумын 60 жилийн түүхэн дэх найм дахь улсын аварга малчин бөгөөд 2014 оноос хойш тус сумаас улсын аварга малчин тодроогүй байжээ. Мал аж ахуйн салбарт 27 жил тогтвортой ажиллаж, өнгөрсөн жил мянга гаруй толгой мал тоолуулжээ.


Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян, Монгол баян гэж үг бий. Тэгвэл хил, мал хоёроо сахин хамгаалж буй ахмад хилчин, аварга малчиндаа аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар улсын хошой аварга малчин болохыг ерөөж,  эрүүл энхийг хүслээ. 

関連ニュース