Хог ангилан ялгах сав байрлуулж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/.
Сүхбаатар тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/-аас
аймгийн төвийн томоохон орон сууцны хорооллуудын гадна талбайд ангилан ялгах
хогийн сав байрлуулж эхэлжээ. Улмаар үүнээс дахин боловсруулах хогийг ялган
авч, Улаанбаатар хотруу хог дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх юм байна.
Энэхүү хогийн сав нь
таван тоннын багтаамжтай. Савны нэг
хэсэгт энгийн хог, нөгөө хэсэгт дахин боловсруулагдах буюу хуванцар сав, шил,
лаазыг хийнэ. Багтаамж ихтэйгээс гадна маш бат бөх, хамгаалалт сайтай болсон
учир хог асгарах, мал нохой тараах боломжгүй болжээ.
“Баруун-Урт сумын
хэмжээнд гарч буй нийт хог хаягдлыг 30 гаруй хувь нь дахин боловсруулах
боломжтой хог байдаг. Тиймээс хогоо эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэх ажлыг
бид ийнхүү эхлүүлээд байгаа юм. Нэг хогийн сав сая төгрөгөөр бүтэж байгаа.
Манай ажилчдын тооцоолсноор сумын хэмжээнд 25 ширхэг ийм сав байвал хангалттай
гэж үзэж байна. Эхний ээлжинд бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан цөөн тооны
сав хийж, туршиж үзэх юм. Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ
онд нийтийн эзэмшлийн газарт хогийн сав байршуулах ажилд арван сая төгрөг
төсөвлөсөн. Үүн дээр манай байгууллагаас таван сая төгрөг нэмээд нийт 15 ширхэг
ийм савыг дахин хийх төлөвлөгөөтэй байгаа. Боловсрол хороолол, Тэжээлийн орон
сууцны хорооллуудад хогны асуудал маш хүнд байгаа учир эдгээр савнуудаа эхлээд
нэн шаардлагатай газрууддаа байрлуулах болно” гэх мэдээллийг Сүхбаатар
тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Х.Баатарсүх өглөө.
Сүхбаатар тохижилт
үйлчилгээ ОНӨҮГ-аас хийсэн судалгаагаар хог гарган хаяж буй 8-10 хүн тутмын
талаас илүү хувь нь хүүхдүүд байна. Тиймээс тус газраас ЕБС-ийн сурагчдад
хогийг хэрхэн ангилан хаях, хог дахин боловсруулах гэж юуг хэлдэг талаар
сургалт мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ. Учир нь одоогоор хүүхдүүд төдийгүй
иргэдийн хог ангилан хаях мэдлэг мэдээлэл хомс байна гэж үзэж байгаа аж.