Э.Болортунгалаг: Бусдад байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалах нь бидний гол үйл ажиллагаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд дөрвөн бүрэн дунд сургууль бий. Сургууль тус бүр дээр сурагчдын бүлэг, клубууд өөр өөрсдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч хамгийн өргөн цар хүрээтэй, мөн үйл ажиллагаа нь жигдэрсэн нь Баруун-Урт сумын гуравдугаар бүрэн дунд сургуулийн "Эко элч клуб" юм. Ингээд тус клубын ахлагч Э.Болортунгалагтай цөөн хором хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу? Юуны өмнө хичээлийнхээ хажуугаар
цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа?
-Зүгээр ээ,
танд ч бас маш их баярлалаа. Ийм том сайт бидний үйл ажиллагааны талаар
тодруулах гээд зориод ирсэнд харин ч баяртай байна.
-Эхлээд өөрийгөө болон клубынхаа талаар танилцуулаач?
-Энэхүү
ярилцлагыг уншиж байгаа хүн бүрт энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Эрдэнэцогтын
Болортунгалаг гэдэг. Би Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 11а ангид суралцдаг. Би 7 дугаар ангидаа анх удаагаа сургуулийнхаа клубт элссэн. Ингээд “Эко элч” клуб байгуулагдаж, клубын ахлагч болсноор надад маш их үүрэг хариуцлага оногдож, өөрийгөө өөрчилж, хөгжүүлж эхэлсэн.
-Танай клубыг хэзээ байгуулсан бэ, клубын гол зорилго, үйл ажиллагаа юу
вэ?
-Манай клуб
2015 онд байгуулагдсан 20 гишүүнтэй. Ихэнх үйл ажиллагааг сургуульдаа хийдэг.
Ямарваа нэг зүйлд зорилго мэдээж байдаг. Тэгэхээр манай клубын зорилго нь
хүүхдүүд багаасаа байгаль орчныг хайрлах, хамгаалах, цаашлаад үе тэнгийнхэн
болон томчууд гэх мэт маш олон хүмүүст нөлөөлж чадахуйц хамгийн мундаг сургагч
хүүхдүүдтэй атгасан гар шиг хамт олон болж ажиллах нь бидний зорилго юм даа.
-Байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэлх хугацаанд тогтмол хийж ирсэн,
өөрөөр хэлэл танай клубын брэнд ажил гэвэл юуг нэрлэх вэ?
-Байгуулагдсан
цагаасаа хойш дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд багагүй ажил хийсэн. Брэнд
ажил гэвэл сургалт хийх юмуу даа. Сүүлийн хоёр жилд нийт 1000 гаруй хүүхдэд, үе тэнгийн найз нартаа, мөн том хүмүүст байгаль орчны талаар багагүй мэдээлэл өгч үйл ажиллагаагаа
идэвхжүүлсэн. Үүнээс гадна явган аялал хийж, газар нутагтайгаа танилцангаа хог түүх, мод тарих, гарын доорх материал ашиглан эд зүйл хийж сурах гээд олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг. Үүнээс хамгийн чухал нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриалгыг бусдад түгээх юм.
-Хүүхдүүд нэгдэж нийгэмрүү чиглэсэн, мөн бусдыг уриалсан ажил хийнэ гэдэг
үнэхээр сайхан. Танай үйл ажиллагаануудыг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Мэдээж бид нар өөрсдөө санаачилж, юу хийхээ ярилцаж, төлөвлөж байж хийдэг учраас хүмүүс гоё хүлээж авдаг шүү. Бас бидний гаргасан уриалга, санаачилгыг маш сайн дэмждэг.
-Клубын гишүүн байхын тулд ямар байх ёстой вэ? Шалгуур байдаг уу?
-Тодорхой
хэмжээний өөрийгөө илэрхийлэх чадвартай, эвсэг нийтэч байх ёстой. Гэхдээ чадваргүй ч байж болно. Тухайн хүүхдийг
бид хөгжүүлэх ёстой байх. Хамгийн гол нь тухайн хүүхэд идэвх санаачилгатай,
багаар ажиллах чадвартай л байвал манай клубын үүд хаалга нээлттэй байдаг.
-Ямар нэг ажил хийхэд дэмжлэг, хөрөнгө санхүү чухал байдаг. Ийм асуудал
тулгарсан тохиолдолд яаж зохицуулах уу?
-Энэ бол ямар ч
үйл ажиллагаа явуулахад тулгардаг асуудал. Ёстой нөгөө санаа нь дэлхий сачий нь
мэлхий л гэгдэнэ. Манай клубын хувьд сургуулийн багш, ажилтнууд маань аймгийн БОАЖГ-аас
зарласан төслийн уралдаанд төсөл бичиж шалгараад гурван жил 15 сая төгрөгийн санхүүжилт авсан. Үүнийг сургуулийн
олон үйл ажиллагаанд зарцуулна л даа. Төслийн хугацаа
нь энэ жил дуусна. Гэхдээ манай клубын хувьд аль болох мөнгө хэрэглэхгүйгээр шаардлагатай зүйлсээ гарын доорх
материал ашиглан хийхийг хичээдэг. Жишээ нь: Цэцгийн
мандал, мэдээллийн самбар, хүлэмж зэрэг жижиг жижиг бүх л зүйлсийг өөрсдийн хүчээр сургуулийн ажилчид болох ах эгч
нар маань хийдэг. Зайлшгүй шаардлагатай зүйлүүдэд мөнгөө
ашигладаг. Жишээ нь: Энэ жил Ариун цэврийн өрөөгөө тохижуулж мэдрэгчтэй
угаалтуур, хатаагч ОО-н өрөө зэргийг бид хамтран шинэчилсэн.
-Бусдыг уриалсан нөлөөллийн ажлууд хийж байгаа харагддаг. Үр дүнг нь
хэрхэн харж байна?
-Өдөр шөнөгүй л ажиллаж гэр орноо ч заримдаа мартдаг. Цалин авдаг том хүн шиг ажиллалаа гэж хааяа гэрийнхэндээ загнуулдаг ч гэсэн надад үр дүн л чухал байдаг. Үр дүн сургуулийн хүрээнд сайн гарсан. Харин бусад сургуулийн хүрээнд тодорхой хэмжээнд гарсан. Сургалтын агуулгаа бид бодит болон өөрт хэрэгжүүлэх боломжтой зүйлсийг тусгаж ярьдаг ба хийж буй бүх л ажлууд хүмүүст хэрэгтэй зүйлс байдаг учир бодит үр дүн удахгүй гарна гэдэгт итгэдэг.
-Баруун-Урт сумандаа ажиллаад зогсохгүй бусад сумын сургуулиудтай хамтардаг
юм шиг байсан?
-Тийм ээ. Мэдлэг
мэдээллийг зөвхөн сургуулийнхаа л хүүхдүүдэд өгөх нь зүй ёсны хэрэг гэж би
боддог. Тиймээс бусдад түгээн дэлгэрүүлж, бусад сургуулиудад ч эко клубыг байгуулж, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидэнд ч бас гоё
байдаг. Энэ онд
манай клубынхан Сүхбаатар, Мөнххаан сумын сургуультай сурагч солилцоо хийж,
хэдхэн хоногийн өмнө Уулбаян сумын сургууль дээр очиж сургалт явуулаад ирсэн. Бусад
сумдын сургуулиар ч явж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Одоо та бүхэн ямар зүйл дээр ажиллаж байна?
-Одоо бид сургуульдаа амьд орчныг бүрдүүлж, загасны аквариумтай болох, бас ангилан хаядаг хогийн савны талаар өргөн хүрээтэй сургалт сурталчилгаа хийх төлөвлөгөөтэй байна. Мөн гялгар уутны хэрэглээг хориглосонтой холбоотойгоор манай клуб уриалга гаргаж, даавуун тор хэрэглэхийг бусдад уриалж байгаа. Ингэхдээ эхлээд манай гишүүд аймгийн төвийн оёдлын цехүүдээр явж даавууны хаягдлыг цуглуулан хөдөлмөрийн кабинетад хичээлийн бус цагаар тор оёж сурч байгаа. Өөр зөндөө олон төлөвлөсөн ажлууд байгаа. Бид хичээлийнхээ хажуугаар аль болох олон зүйлийг зохицуулан амжуулахыг хичээдэг.
-Та нарын хамгийн том зорилго, мөрөөдөл юу вэ?
-Бид 21 аймгаар
туршлага солилцож бас өөрсдийнхөө туршлагаас бусдад хуваалцаж олонд
түмэнд нөлөөлөхийг хүсдэг. Энэ бол бидний хамгийн том мөрөөдөл.
-Чи болон бусад тань удахгүй төгсөнө. Тэгэхээр өөрсдийн залгамж халаагаа
бэлтгээд эхэлчихсэн үү?
-Тэгэлгүй яахав. Бүх зүйл хугацаатай байдаг. Одоо бидний ажиллах үе
дуусч дараагийн дүү нарт маань клубынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэж байна.
Хоёр дахь ахлагчаа
тодруулах ажлыг ирэх намар явуулна. Ярилцаж байгаад зөв
сонголтыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Чи өөрөө ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Мэргэжил
сонголт нь бидний үеийнхэний хувьд толгой өвтгөсөн асуудал болж байгаа байх. Би
өөрөө урлагт их хайртай жүжигчин болох хүсэлтэй. Гэхдээ ганц хүсэл дээр
тогтохгүй цалин ур чадвар эрэлт хэрэгцээ гээд олон шаардлагад тулгуурна. Бас
нэг нууц хэлэхэд би загвар зохион бүтээгч болъё гэж боддог байсан. Гэхдээ одоогоор
яг тодорхой хариулт алга байна. Хэд хэдэн мэргэжил дээр эргэлзэж байгаа. Ямар ч
байсан нийгэмд хэрэгтэй, бусдад нөлөөлсөн мундаг удирдагч хүн болно гэж боддог.
-Ярилцлагын төгсгөлд үе тэнгийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?
-"Бодолд чинь багтаад байвал боломж байнаа гэсэн үг. Тиймээс
хэрэгжүүлээд үзээрэй" гэж би хэлэх дуртай. Бас хэн зөвийг
санаачилна тэр хүн хүн амжилтад хүрнэ гэдэг үгээр үе тэнгийнхнийгээ уриалж энэ
яриаг дуусгая даа. Мөн энэ дашрамд хэлэхэд
хамтран ажилладаг клубын удирдагч багш, клубынхаа бүх хүүхдэд болон үргэлж
биднийг дэмжиж байдаг сургуулийн удирдлагууд, багш нар ажилчиддаа болон аймгийн
БОАЖГ-ын хамт олонд талархал илэрхийлье.
-За та бүхэнд амжилт хүсье?
-Баярлалаа.