Ц.Ариунаа: Мэргэжлийн дуу хөгжмийн багш биш ч мандолин хөгжмөө хүүхдүүдэд заахдаа би үнэхээр жаргалтай байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Цогтоогийн Ариунааг зорин очлоо. Учир нь түүний хувьд мартагдаж буй хөгжмийн зэмсгийн нэг болох мандолин хөгжмийн сургалтыг өөрийн хүсэл сонирхлын дагуу хичээллүүлдэг. Сургалтаа явуулахын тулд төсөлд хамран, 30 ширхэг цоо шинэ хөгжмийг авчээ. Одоо тэрээр 20 орчим хүүхдэд сургалтаа явуулж байна. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Мандолины дугуйланг хэзээнээс хичээллүүлсэн юм бэ, энэ
хугацаанд хэчнээн хүүхэд хамрагдав?
-Анх дугуйлангаа 2016-2017
оны хичээлийн жилээс эхлүүлсэн. Энэ хугацаанд давхардсан тоогоор 3-5 дугаар
ангийн 60 гаруй хүүхэд хамарсан байна. Ахлах ангийнхан сурах сонирхолтой
байдаг ч том биетэй хүүхдүүдэд мандолинаа бариад суухад төдийлөн
тохиромжтой харагддаггүй. Тиймээс дандаа бага ангийнхныг авдаг.
-Яагаад дугуйлан хичээллүүлэх болов?
-Мартагдсан хөгжим учраас
сэргээж, бага ангийн сурагчдад хөгжмийн анхны мэдэгдэхүүн олгох зорилгоор
хичээллэж эхэлсэн. Мандолин гэдэг маш сайхан хөгжим шүү дээ. Гэтэл одооны
хүүхдүүд бараг зургийг нь хараад нэрлэж мэддэггүй. Би үүнд харамсдаг. Өөрөө хөгжимд
их дуртай болохоор үүндээ хөтлөгдөөд л эхлүүлсэн дээ.
-Цэцэрлэгүүдэд л ганц нэг мандолин хөгжим харагдаж байдаг. Танайх ийм олон хөгжим хаанаас, ямар санхүүжилтээр авсан юм бэ? Хүүхдүүдийн хөгжим шинэ харагдаад байна л даа?
-Боловсролын
чанарын шинэчлэлийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа
мандолин хөгжмийн “Хүслийн жигүүр төсөл”-ийг гуравдугаар ангийнхаа секцийн багш
нартай хамтран бичиж энэ хөгжмийг хүлээн авч хичээллүүлж эхэлсэн. Одоо 30
хөгжимтэйгээр сургалтаа явуулж байна.
-Хүүхдүүд хэр амархан сурч байна. Ер нь танай сургуулийн
хүүхдүүдийн хувьд үүндээ их дуртай юм шиг байна лээ?
-Тийм ээ. Манай сургуулийн бага ангийн сурагчид маш их идэвхтэй, богино хугацаанд энэ хөгжмийг амархан сурч байгаа. Эцэг эхчүүд нь ч маш сайн дэмждэг. Нэг хөгжим нь өөрөө 150-180 мянган төгрөгийн үнэтэй болохоор хүүхдүүд маань гэрээр давтах болвол эцэг эх нь ирж гэрээ хийгээд хөгжмийг нь авч явдаг.
-Та өөрөө дуу хөгжмийн багш мэргэжилтэй юм уу?
-Би
бага ангийн багш мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ 33 жил ажиллаж байна. Өөрийн
сонирхлын дагуу бага ангийн сурагчдын авьяасыг хөгжүүлэх зорилгоор дугуйлан
хичээллүүлж эхэлсэн.
-Тэгвэл анх хаана энэ хөгжмийг тоглож сурсан бэ? Бидний
аав ээж, эмээ өвөөгийн үед л хамгийн их тоглогддог байсан хөгжим шүү дээ?
-Би
анх 1974 онд сургуульд орж, мандолин хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Тухайн үед
бараг айл болгонд мандолин хөгжим байдаг байлаа. Багш дээрээ бэлтгэл тогтмол хийж, уралдаан тэмцээнд орж байнга л түрүүлнэ. Сургуулийн хөгжмийн
аварга сурагчаар гурван удаа шалгарч байлаа. Тэгээд энэ хөгжим болон бусад
хөгжмөөр эдүгээ хүртэл тоглож, ирээдүй хойч үедээ мартагдсан энэ хөгжмийг
сэргээх зорилгоор хичээллэж байна.
-Бусад хөгжим гэхээр?
-Аан мандолинаас гадна бөмбөр, бишгүүр, шагшуурга гээд бас тоглоно оо. Бас л
сонирхлоороо сурсан. Цаашид дугуйлангаа өргөжүүлж эдгээр хөгжмөө мөн заая
гэсэн бодолтой байгаа. Мандолины хамтлагийн ард бөмбөр, бишгүүр, шагшуурга
дуугарвал ёстой хөөрхөн хамтлаг болно доо гэж үргэлж боддог юм.
-Та ер нь дуу хөгжмийн багш болох
байсан юм биш үү?
-Дуу хөгжмийн багшаар сурах сонирхолтой байсан ч тухайн үед хөгжмийн багшийн хуваарь ирээгүй юм. Тэгээд техникумд пионерын удирдагч багшаар суралцаж төгссөн. Сүүлд бага ангийн багш болсон. Мөн би аймгийн хэмжээнд хамгийн анх томилогдон ирсэн таван нийгмийн ажилтны нэг байлаа. Анх сургуулиудад нийгмийн ажилтан гэдэг орон тоо гарч байхад ажиллаж эхэлсэн хүн л дээ. Сурсан мэдсэн бүхэн минь яалт ч үгүй хүүхэдтэй холбоотой болохоор тасралтгүй хүүхдийн төлөө ажиллаж ирсэн дээ. Одоо ч хүүхдүүдийн урлаг соёлын арга хэмжээнд тогтмол оролцож, зохион байгуулалтыг хийж байна. Мэргэжлийн дуу хөгжмийн багш биш ч мандолин хөгжмөө хүүхдүүдэд заахдаа би үнэхээр жаргалтай байдаг
-Дугуйлан үнэ төлбөргүй.
Хөгжим сурах сонирхолтой сурагчдын судалгааг гаргаж бүлэг бүрээс хоёроос дөрвөн
сурагчийг бүртгэж, долоо хоногт хоёр удаа хичээлийн бус цагаар тогтмол хичээллэж байна.
-Таны үйл ажиллагааг сургуулийн захиргаанаас хэр дэмждэг
вэ?
-Дугуйлангийн сурагчдын
хөтөлбөр төлөвлөгөөг гарган батлуулж сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн
ажилтанд үйл ажиллагаагаа үзүүлдэг. Манай удирдлагууд надад тухай бүрд нь
зөвлөгөө зөвлөмжийг өгч, байнга дэмжиж ажилладаг. Манай дугуйлангийн сурагчид
өнгөрсөн жил өөрсдийн юу сурч мэдсэнээ багш ажилчид, найз нөхөд, аав ээждээ тайлагнасан. Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Хүүхдүүд маань ч түүндээ урамшаад бүр
их мэрийх болсон.
-Урлагаар хүнийг хүмүүжүүлдэг гэж ярьдаг. Энэ дугуйланд явснаар
хүүхдүүдэд гарч буй үр дүн юу байна?
-Энэ дугуйлан хичээллэж
эхэлсэнээр сурагчдад гоо зүйн хүмүүжил олгохоос гадна бие даах чадвар, тэвчээр
сахилга батыг чандлан сахиж, хамт олонч, эвсэг найрсаг, харилцаатай болж төлөвшдөг. Бас
хүүхдүүд сууж сурдаг. Ер нь гарч буй үр дүн хүүхэд бүр дээр тодорхой хэмжээнд
харагддаг шүү.
-Цаашид та юу хиймээр байна? Мэдээж энэ хүрээндээ илүү их
санаж бодсон, төлөвлөсөн зүйл байгаа л байх?
-Юуны түрүүнд энэ жил юу
сурч мэдсэнээ эцэг эхчүүддээ болон үе тэнгийнхэндээ, сургуулийн хамт олондоо
тайлагнахаар бэлтгэж байна. Цаашид мандолин хөгжим тоглох сонирхолтой сурагчдын
тоог нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлж, үүнийгээ сургуулийнхаа брэнд ажил
болгох зорилготой ажиллаж байна. Би удахгүй гавъяаныхаа амралтад сууна. Үүнээсээ
өмнө энэ бүхнээ амжуулна даа.
-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье?
-Баярлалаа.