Архины зөвшөөрөл эзэмшигчдийн 40 гаруй хувь нь Баруун-Урт суманд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймгийн хэмжээнд 223 аж ахуй нэгж, байгууллага архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд үүний 40 гаруй хувь нь Баруун-Урт суманд байдаг аж.
Энэ нь сумын нийт хүн амтай харьцуулахад өндөр тоо. Тиймээс цаашид архины тусгай зөвшөөрөл олгох журмыг чангатгах, эсвэл одоо байгаа зөвшөөрөлтэй газруудыг цөөлөх шаардлагатай гэдгийг албаныхан тодотгов.
Баруун-урт сум 23 мянган хүн амтай хэдий ч 96 аж ахуй нэгж байгууллага архины тусгай зөвшөөрөлтэй байгаа. Тус аймагт 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 99 гэмт хэрэг үйлдэгдсэний дийлэнх нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Архины зөвшөөрөл эзэмшигч байх ёстой хэмжээнээс их байгаа нь уг төрлийн гэмт хэрэг өсөх шалтгаан болж байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр аймгийн цагдаагийн газраас тодорхой ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Үүний хүрээнд архины тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудад шалгалт хийж хяналт тавьж, зохих заавар, зөвлөгөөг тогтмол өгч буй. Мөн бүх төрлийн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.