Долоо хүртэлх насны 87 сая хүүхэд бүх амьдралаа дайн дунд өнгөрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-24 12:59:41

НҮБ. /TASS/. Долоо хүртэлх насны 87 сая орчим хүүхэд бүхий л амьдралаа зэвсэгт мөргөлдөөн дунд өнгөрүүлсэн нь тэдний оюуны хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ шинжээчид мэдээлжээ. Тэд байлдааны ажиллагааны бүсэд амьдарсантай холбоотой стрессийн үр дагаврыг судалсан байна.

“Долоо хүртэлх насны 86.7 сая гаруй хүүхэд бүхий л амьдралаа мөргөлдөөний бүсэд өнгөрүүлсэн нь тэдний оюуны хөгжилд аюул учруулж байна. Мөргөлдөөний бүсэд амьдарч байгаа хүүхдүүд ихэвчлэн сэтгэл санааны хямралд өртөж байгаа нь байнга бүхий л амьдралаа сөрөг стресстэй өнгөрүүлэхэд хүргэж болзошгүй. Энэ байдал нь тархины мэдрэлийн эсүүд хоорондын харилцан холбоог тасалж, улмаар бүхий л амьдралынх нь туршид оюун санаа, нийгэм болон бие бялдрынх нь хөгжилд нөлөөлдөг” гэж ЮНИСЕФ-ийн мэдээлэлд дурджээ.

Мөргөлдөөний бүсүүдэд амьдарч буй хүүхдүүдэд тэдний оюуны хөгжилд нөлөөлөх нөхцөл бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна гэж ЮНИСЕФ-ийн шинжээчид мэдэгдэж байна. Энэ зорилгоор тоглоом, сургалтын материал бүхий яаралтай тусламжийн иж бүрдлийг НҮБ-ын Хүүхдийн сангаас хуваарилан тарааж байгаа аж. Өнгөрсөн жил дэлхийн янз бүрийн орны 800 мянга гаруй хүүхдэд ийм иж бүрдэл тараажээ.

Д.Жаргал

関連ニュース