Салбарын үйл ажиллагааг хөдөө сумдын иргэдэд танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-30 21:05:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /БОАЖГ/ Асгат суманд нээлттэй хаалганы өдөрлөг хийлээ. Газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, байгаль хамгааллын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан өдөрлөгт тус сумын ААНБ-ын төлөөлөл, ард иргэд идэвхтэй оролцжээ.

Өдөрлөгийн үеэр байгаль орчны салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлого шийдвэрийг иргэд олон нийтэд танилцуулж, салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, үүнд иргэд хэрхэн оролцох талаар харилцан ярилцаж, санал солилцжээ.

Аймгийн БОАЖГ-ын дарга Х.Төмөрхуяг, Асгат сум бусад сумыг бодвол уул уурхайгүй гэдгээрээ онцлог. Гэвч тулгамдаж буй асуудал бас байна. Уурхайнуудын бүтээгдэхүүн тээвэрлэлтийн замын асуудлыг их ярьж байна. Тээврийн том машинууд олон салаа зам гаргаж хөрс эвдэх, тээвэрлэлтээс үүдэлтэй тоосжилт ихээр бий болж, энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг хэллээ. Үүнд яаралтай арга хэмжээ авахыг тэд хүсэж байна. Дараагийн асуудал бол сүүлийн жилүүдэд тус суманд цөлжилт нүүрлэж, бэлчээр доройтолд орсноос үүдэн үлийн цагаан огтоно ихээр тархсан. Тиймээс үүнээс цаашид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мэргэжлийн байгууллагууд аймаг, сум орон нутгийн удирдлагуудтай хамтран анхаарал хандуулан дорвитой ажиллахыг иргэд хүсэж байна. Энэ бүх асуудлыг цааш нь уламжилж, тодорхой хэмжээнд үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах болно гэж ярилаа.


Өдөрлөгөөр байгаль орчны талаар мэдээлэл сурталчилгаа хийж, танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг явуулж, идэвхтэй оролцсон иргэдийг шагнаж урамшуулсан байна. Мөн ЕБС-ийн сурагчдад ногоон паспорт гардуулжээ.

Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс сумын цэцэрлэгт хүрээлэнд 500 мод шинээр суулгаж, модны арчилгаа, хамгаалалтын талаар холбогдох мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгчээ. 

関連ニュース