Аймгийн төвөөс мал гаргах тухай Засаг даргын захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-02 14:22:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, 11 асуудал хэлэлцлээ. Ялангуяа аймаг орон нутгийн өмнө тулгамдаж буй гол асуудал болох мал гаргах асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэжээ. Тодруулбал, аймгийн Засаг даргын А/247 дугаар захирамж гарч, аймгийн төвөөс мал гаргах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов. 

Сүүлийн жилүүдэд аймгийн төвд мал дураараа бэлчих болсон. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Баруун-Урт суманд мал бүхий 75 иргэний 700 гаруй мал байгааг танилцуулсан. Эдгээрийн дийлэнх нь бод мал. Өдөрт 100 гаруй мал ямар ч хариулгагүй аймгийн төвөөр бэлчдэг. Энэ нь Баруун-Урт сумын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үхэр мал нь хогийн савтай хогийг идэж, тараах, ногоон байгууламжийг сүйтгэж үгүй хийх болсон. Тиймээс одоогоос хоёр сарын өмнө аймаг сумын удирдлагууд мал бүхий иргэдтэй уулзаж, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, аймгийн төвөөс малыг бүрмөсөн гаргах нь зөв гэсэн дүгнэлтэд хүрээд байсан юм. Тэгвэл энэ ажил ийнхүү хэрэгжиж, мал гаргах ажлыг эхлүүллээ.

Уг ажлын хэрэгжилтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Баруун-Урт сумын ЗДТГ хяналт тавина.   

関連ニュース