Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 13:36:38

Улаанбурхан өвчнийг дутуу эмчлүүлснээс болж, Төв аймгийн Зуунмод, Баянцагаан суманд 0-1 настай  хоёр хүүхэд энджээ.

Эцэг эхчүүд шат шатын эмнэлгийн байгууллагад хандах эсвэл гэрийн нөхцөлд эмчилгээ хийхдээ эмчээс заавар зөвлөгөө авалгүй, дур мэдэн, эм, тариа хэрэглэж байгаа нь уг өвчнийг хүндрүүлэх, дахин сэдрээх гол шалтгаан болж байна. Ялангуяа парацетамол, АЦЦ зэрэг шингэрүүлэх үйлчилгээтэй эм ихээр хэрэглэснээс болж, сөрөг үр дагавар илрэх болжээ. Иймд өвчний анхны шинж тэмдэг илэрвэл гэрийн болон эмнэлгийн үйлчилгээг зааврын дагуу чанартай, удаан хугацаанд хийлгэхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө.

2016 оны 2 сараас хойш аймгийн хэмжээнд уг өвчний 314 тохиолдол бүртгэгдсэнээс 140  нь Зуунмодод байна. Үүнээс 70 орчим нь Нэгдсэн эмнэлэгт хэвтснээс 11 нь  Халдвартын тасагт эмчлүүлж байгаа юм. Улаанбурханаас гадна  салхинцэцэг, хачигт хавдар, энтервирус, гэдэсний халдвар зэрэг өвчин нэмэгдэх хандлага байгаа юм.

Халдварт өвчний тархалт ихсэх тусам багаж, тоног төхөөрөмж,ор,эм тарианы хангалт багассаар байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

 

関連ニュース