“Brexit”-н дараах худалдааны харилцааны тухай яриа хэлэлцээгээ эхлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /TASS/. Европын Холбоо болон Их Британи “Brexit”-н дараах хоёр дахь шатны яриа хэлэлцээндээ орохоор бэлтгэж байна. Эхний шатанд Их Британи ЕХ-г орхин явсан нөхцөлүүдийг хэлэлцсэн бол “Brexit” хэдийнээ хэрэгжсэн хоёрдугаар шатанд 12 дугаар сарын 31-нд шилжилтийн үе дуусах үед Их Британи болон ЕХ хоорондын худалдааны харилцаа хэрхэн өрнөхийг шийдвэрлэх шаардлагатай болох аж.
ЕХ Их Британитай
гаалийн татвар, хязгаарлалтгүйгээр чөлөөт худалдааны бүс байгуулж, талуудын
бизнесийг шударга өрсөлдөөнөөр хангах ижил нөхцөлийг бий болгохыг зорьж байгаа ажээ. Түүнчлэн усан нутаг дэвсгэрт харилцан нэвтрэх
боломжийг хадгалан авч үлдэх үндсэн дээр загас агнуурын салбар, дижитал худалдаа,
оюуны өмч, тээвэр, эрчим хүчний салбарын түншлэлийг хөгжүүлэх суурийг яриа хэлэлцээний үеэр тавих
ёстой гэж үзэж байна.
Хоёрдугаар шатны
яриа хэлэлцээг эхний шатыг удирдсан Мишель Барньед даалгах тухайгаа Европын
комисс өмнө нь мэдэгдсэн байна.
ЕХ-ноос гарах
нөхцөлийг гурван жил хэлэлцсэний эцэст Их Британи энэ оны хоёрдугаар сарын 1-нд
тус холбоог албан ёсоор орхисон билээ. Талууд шилжилтийн үеийг 2020 оны эцэс
хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ үед Их Британид Европын бүх
стандарт мөрдөгдөнө. Их Британи мөн ЕХ-ны төсөвт хувь нэмрээ үргэлжлүүлэн
оруулах боловч шийдвэр гаргах үйл явцад оролцохгүй. Шилжилтийн үед мөн цаашдын
хамтын ажиллагааны бүх нөхцөлийг зөвшилцөх бөгөөд юуны өмнө чөлөөт худалдааны
хэлэлцээр байгуулахыг оролдоно.