Х.Есенбек:Аавын минь мал маллах арга ухаан дуусашгүй их өв хөрөнгө гэж би боддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Мухар худаг” хэмээх газар малчин залуу Хавалбайн Есенбекийнх тавлаг сайхан хаваржиж, мал төл нь бүрэн бойжиж байна.
Дөнгөж 20 нас хүрч буй малчин залуу Х.Есенбек ээж Елеусиз, эгч Х.Гулсарын хамт мичин жилийн хавар 250 гаруй мал төллүүлж, адуу, тэмээ,сарлаг хонь, ямаа бүгд нийлээд 1000 гаруй малтай юм.
Түүний аав Хавалбай насаараа энэ нутагтаа мал маллаж, найман хүүхэд өсгөн хүмүүжүүлж, амьдралынхаа туршид мал ахуйгаа өсгөж ирсэн туршлагатай малчдын нэг байв. Хүү Х.Есенбек нь аавынхаа мал малч ухааныг өвлөн дөнгөж 20 нас хүрч буй гэхэд насандаа ахадмаар том ачааг түвэггүй үүрч, малынхаа буянаар аж амьдралаа залгуулж явна.
Тэрээр аав минь насаараа мал маллаж амьдрахдаа бидэнд амьдралын ухааныг зааж, сургаж, ялангуяа мал маллах арга ухааныг өвлүүлж үлдээсэн нь дуусашгүй их өв хөрөнгө гэж би боддог.
Аав минь жилийн өмнө өвчний улмаас биднийг орхин тэнгэрт хальсан ч аавынхаа алтан сургаалийг үргэлж санаж, малаа маллан өсгөж, арвижуулахын төлөө хөдөлмөрлөж байна.
Энэ хаврын мал төллөлтийн их ажлыг ээж, эхнэр, бид гурав бие даан нугалж, төлийн гарзгүй хаврын урьтай золгож байгаа нь аавын минь ач гавьяа гэж боддог. Биднийг сайн сайхан амьдарч, мал сүргээ өсгөж байгааг аав минь тэнгэрээс харж баярлах болно гэдэгт би итгэдэг гэж тэр ярилаа.
Жирийн малчин залуучуудын төлөөлөл Х.Есенбек 20 дөнгөж хүрч байгаа хэдий ч айл гэрийн ноён нуруу болж, аавын эзгүйд ээж, эхнэрийнхээ хамт аж амьдралаа хэнээр ч хэлүүлэлтгүй өв тэгш авч яваа нь түүнээс суралцах зүйл их байлаа.
Түүнийг төв суурин газрын зарим залуучуудтай харьцуулахад 20 настай Х.Есенбек хүү хэдий нь амьдралаа төвхнүүлж, ааваасаа өвлөсөн малынхаа буянаар тэгш сайхан амьдарч явна.
А.Бямбасүрэн