“Мангирт” хороолол гэрэлтүүлэгтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг даргын ахалсан бүтээн байгуулалтын ажлын хэсэг орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажилтай танилцах хуваарийн дагуу Дархан сумын 15 дугаар багт ажиллахдаа тус багийн алслагдсан гэр хороолол болох Мангирт хороололд замын гэрэлтүүлэг хийхээр төлөвлөгдсөн газруудтай танилцав.
Тус багт энэ онд нийт 141 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажил хийхээр төлөвлөж худалдан авалтын сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажлыг даруйхан эхлүүлнэ гэж аймгийн ерөнхий эдийн засагч П.Батсүх ярилаа. Энэ үеэр нийтийн эзэмшлийн зам талбайн хогийг цэвэрлэж байсан 15 дугаар багийн наймдугаар хэсэгт багийн нийгмийн ажилтан Д.Ганчимэг, өндөр настан С.Пүрэвхүү нарын зарим иргэдтэй уулзсан юм. Тэд багийн иргэдийн өмнө тулгамдсан зарим асуудлыг аймгийн Засаг дарга А.Энхболдод ярилаа. Тус багийн иргэд, хүүхэд багачууддаа амарч тоглох орчин бүрдүүлж Цэргийн анги хүртэлх замыг сайжруулж өгөхийг хүслээ. Уг хүсэлтийг аймгийн Засаг дарга хүлээж авснаа мэдэгдээд иргэдийн гаргасан саналыг судалж ажил хэрэг болгоно гэв.
Мөн тус багийн алслагдсан хэсэг буюу 4, 8, 10 дугаар хэсгийн хүн амын нягтаршил ихтэй захын гудамжуудыг дагасан гэрэлтүүлэг хийхээр боллоо. Уг ажлыг хийхдээ энэ хэсгийн бетонон гэрлийн шонгуудад гэрэлтүүлэг суурилуулах ажлыг “ДСЦТС” ХХК-иар нийгмийн хариуцлагын хүрээнд хийлгэх саналыг тус байгууллагад аймгийн Засаг дарга А.Энхболд өөрөө уламжилж шийдвэрлүүлэхээр болов.
Б.Норовсамбуу