Увс аймгаас Кызыл хот руу нислэг үйлдэх боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Дэглий цагаан” нисэх буудал болон ОХУ-ын Тува улсын “Кызыл” нисэх буудлыг холбосон шинэ агаарын замыг энэ сарын 26-ны өдөр нээсэн байна.
Шинэ агаарын хаалгыг “RIPEK” хэмээн нэрлэжээ. Увс аймгийн “Дэглий
цагаан” нисэх буудлаас “Кызыл” нисэх буудал хооронд шууд нислэг үйлдэх эрхийг агаарын
тээврийн “Хүннү Эйр” ХХК авсан байна. Ингэснээр Увс аймгийн ард иргэд болон
ОХУ-ын Тува улсын иргэд Улаангом-Кызыл хот хооронд зөвхөн автомашинаар зорчих
бус агаарын хөлгөөр нисэх боломжтой болоод байна. Коронавирусний халдварын
эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс гадаадын улс орнууд руу зорчих
агаарын нислэгүүдийг хааж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа энэ үед
Улаангом-Кызыл хот хооронд нислэг үйлдэх боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ хорио
цээрийн дэглэм тавигдсаны дараа нислэг үйлдэгдэж эхлэх нь тодорхой болсон
байна.
Өнгөрсөн оны 10-р
сард ОХУ-ын Тээврийн яамны Агаарын тээврийн холбооны агентлагаас тус улсын
Засгийн газрын шийдвэрээр Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын “Кызыл”
нисэх буудлыг олон улсын статустай болгосон байна. Мөн тус нисэх буудлыг Монгол
Улсын Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудалтай холбосон шулуун агаарын зам
нээх, улсын хил дээр шинэ агаарын хаалга тогтоох хүсэлтийг ИНЕГ-т хүргүүлсний
дагуу ийнхүү энэ агаарын зам шинээр нээсэн байна.
“Дэглий цагаан”,
Кызыл” нисэх буудлын хооронд шинэ агаарын хаалгаар шууд нислэг үйлдсэнээр
нислэгийн хугацаа багасч, шатахуун хэмнэн зорчигчдод хямд үнэтэй агаарын
тээврийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хоёр орны хамтын
ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа, соёлын солилцоо, аялал жуулчлалыг
хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.