Жаахан шарга театрын уран бүтээлчид онлайн тоглолт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-28 14:17:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид "COVID-19" халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ард иргэдийнхээ дархлааг дэмжих зорилгоор онлайн тоглолтыг анх удаа хийх гэж байна. Тоглолтыг 05 дугаар сарын 29-ний 19 цагаас шууд  дамжуулна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн энэ цаг үед иргэдийнхээ сэтгэл санаа, дархлааг нь дэмжих зорилгоор олон байгууллага, ААН цахим үзвэр, үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Тэгвэл энэ жишгээр Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын хамт олон ч мөн өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ түүвэрлэсэн бүрэн хэмжээний онлайн тоглолтыг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Нийт 40 гаруй уран бүтээлч оролцох энэхүү онлайн тоглолт нь тус театрын хамт олны хувьд анхных гэдгээрээ онцлог.

Энэ удааийн тоглолт 30-40 минут үргэлжилнэ. Цаашид долоо хоног бүр шилдэг уран бүтээлүүдээ цувралаар хүргэе гэж төлөвлөж байгаа. Ер нь урлаг гэдэг өөрөө аливаа хүнд цаг үед хүмүүсийг сэргээн идэвхжүүлэх, урам зориг, эрч хүч хайрлах зорилготой байдаг. Тийм ч учраас бид онлайн тоглолтыг хийе гэж сэтгэл шулуудан бэлтгэлдээ ороод байна. Мэдээж энэ бол зрительтэй тоглолтоос өөр. Тэгэхээр дэлгэцэнд зориулсан шууд тоглолтыг яаж хийх боломжтой вэ, цаашид юун дээр анхаарах шаардлага байна гээд энэ тоглолтоос суралцсан, туршлага хуримтлуулсан олон давуу тал бий болно гэж харж байгаа гэж Жаахан шарга театрын ерөнхий найруулагч, СТА З.Далай ярилаа.

 

関連ニュース