“Үлгэрч аав ээж” уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-13 11:10:06

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-аас зарлан явуулсан "Үлгэрч аав, ээж" уралдааны шилдэг оролцогчид тодорч, өнөөдөр шагналаа гардаж авсан байна.

Үлгэрээр дамжуулан хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил бий болгох, ардын уламжлалт ёс заншлыг залуу гэр бүл, эцэг эхчүүдэд өвлүүлэн үлдээх, түүнчлэн үр хүүхдэдээ анхаарал хандуулах, хөгжил төлөвшилд нь эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан уг уралдаанд эцэг эхчүүд идэвхтэй оролцжээ. Тус уралдааны тэргүүн байрт Ө.Номин-Эрдэнэ “Өнхрүүш” үлгэрээр орсон бол удаах байруудад Б.Тэнүүн “Болдоггүй бор өвгөн”, М.Ариухан “Чоно ба долоон ишиг”, Л.Зулцэцэг “Норовын намтар” үлгэрээр тус тус оржээ. Харин тусгай байрт Д.Балжинням, Х.Бямбаа нар “Шаазгай хүү” үлгэрээр орсон байна. Эдгээр хүүхдүүд аав ээжийнхээ уншиж өгсөн үлгэрийг сонсож, улмаар өөрийнхөө ойлгосноор ярьж өрсөлдсөн байна.

"Бага насны хүүхэддээ цаг гаргаж, сонирхолтой үлгэр ярьж өгч, буцаад бяцхан үрсээрээ ойлгосон зүйлийг нь яриулж байсан нь цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн, цахим орчноос холдсон сайхан ажил боллоо" хэмээн энэхүү тэмцээнд оролцсон эцэг эхчүүд ярьж байв. 

関連ニュース