Даваач хааны савал аяга
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Музейн өнөөдрийн онцлох үзмэр бол Даваач хааны савал аяга.
Уг аяганы амсрын голч 36 см, жин 2400 гр бөгөөд зууван
хэлбэртэй, эдэлгээнд их орсон байртай аж. Их биеийг нь хус модоор хийж, гадна
хэсгийг нь тойруулан зэсээр бүрсэн. Ёроолд нь манийн зургаан үсэгтэй бөөрөнхий
төмөр хадсан ба хоёр хажуу хэсэгтээ хээтэй зэс тогтоосон байна.
Савал аягыг аян дайнд явахдаа тогоо болон аяганы
зориулалтаар ашигладаг байжээ. Савал аяганд хорхоглож цай чанах, хоол хийж
хэрэглэдэг байна. Энэхүү аягыг Ойрадын Зүүнгарын хаан Цэрэндэндэвийн хүү Даваач
хаан хэрэглэж байсан гэх бөгөөд түүхэн бие хүний холбогдолтой ховор эд өлгийн
зүйл юм. Уг аягыг музейн ахмад ажилтан Б.Самбуу Түргэн сумын Халтарын Очир
гэдэг хүнээс 1970-аад оны сүүлчээр авч сан хөмрөгт оруулжээ.