Майдар гэдэг нь асрах, хайрлах гэсэн үг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:20:58

Майдар-санскрит хэлээр “Мэдри”\Maitreya\, түвдээр “Жамба”, монголоор “асрах”, “хайрлах” гэсэн үг ажээ.

Утгын хувьд өөрөөсөө илүүтэй бусдыг асрах хайрлах, туслах улмаар эх болсон хамаг амьтныг амгалан жаргалантай байлгах, их үүрэг хариуцлагыг өөртөө үүрч тэр их үүргээ биелүүлэхээр сэтгэл ухааны үлэмж өндөр зорилго талбин биелүүлж яваа Дээд төрөлхтөн буюу ялгуусан бурхад Их бодьсадва нарын эрдэм чадлыг төрүүлэх гол үндсэн эрдмийн суурь болдог сэтгэл хэмээн Гандантэгчлэн хийдийн лам Т.Булган тэмдэглэжээ.

Архангай аймгийн Булган сумын нутагт Урд тамирын голын хойд хөвөөнөө, нарийн ширхэгтэй саарал боржин чулуугаар завилан суугаа Майдар бурхны дүрийг бүтээсэн байна. Бадамлянхуа цэцгэн сэнтий дээр очир завилгаагаар сууж баруун гараа баруун хөлийн өвдөг дээр сул тавьж, зүүн гараа тохойгоор нугалан цээжний өмнө барьсан байдалтайгаар дүрсэлжээ. Хөшөө нь дороо гурван давхар боржин чулуун суурьтай, урд зүг рүү харсан байдаг. Хөшөөний дэргэд “Майдар сан” жуулчны эко бааз бий.

Бурханы өндөр 150 см, өргөн 100 см ,зузаан 35 см. Суурьтай нийт өндөр 220 см.

Энэхүү Майдар бурханы тухай домог үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сан хөмрөгт хадгалаастай байдаг.

                                                                             Архангай аймаг.Л.Булган

 

                

  

関連ニュース