Шивэрт дэх амралтын газарт ахмадууд ам сайтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 17:24:28

Сүүлийн дөрвөн жилд Архангайн Батцэнгэл сумын нутаг Шивэрт дэх аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харъяа ахмадын амралтын газарт чамгүй хөрөнгө оруулалт хийж аюулгүй, тав тухтай орчинд амарч сувилуулах нөхцлийг бүрдүүлэн  настангуудад шаардлагатай уламжлалт болон сэргээн засах эмчилгээг хийж, амт чанартай тэжээллэг хоолоор үйлчилдэг гэж хөдөө орон нутгийн ахмадууд ам сайтай байна.

Цэцэрлэг хотоос баруун хойш 45 орчим км зайд үзэсгэлэнт сайхан байгалийн дунд байрлах уг амралт сувиллын газар нь 68 градус цельсийн халуун рашаан, шавар болон бариа засал, орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах ажиллагааг явуулж, хаш чулуун чийрэгжүүлэлтийн эмчилгээг хийж байна. Мөн  дотор эрхтэнд сайн Хүрээ нутгийн уудаг хүйтэн рашаантай ойр байдаг юм.

Тус хэлтсийн  дарга Л.Аварзэдийн тайлагнаснаар, энэхүү амралтанд 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 124,6 сая төгрөгийн их засварын ажлыг гүйцэтгэжээ. 2013 онд ахмадын амралтын газрын урсгал засвар тавилга эд хогшилд 90  сая, конторын барилгын засварт 60 сая бүхий төсөл арга хэмжээг хэрэгжүүлжээ. Мөн онд 7000.0  мянган төгрөгийн тавилга эд хогшил зөөлөн эдлэл, 13800.0 мянган төгрөгийн тоног  төхөөрөмж, 2014 онд  1380.0 мянган төгрөгийн тавилга эд хогшил зөөлөн эдлэл, 12285,5 мянган төгрөгийн байгууламж, 2015 онд 5797,0 мянган төгрөгийн  тавилга эд хогшлыг шинэчилжээ.

                                                                                                                Архангай аймаг.Л.Булган

 

関連ニュース