Эрдэмтэн зохиолч Т.Султаны бүтээлийн XVII, XVIII боть хэвлэгдэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-08 15:14:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Эдийн засгийн ухааны доктор, профессор Т.Султан өөрийн бүтээлийн XVII, XVIII ботио хэвлүүлэн гаргалаа.

Номын нээлтийн ажиллагаа энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод ШУТИС-ийн номын санд болжээ.

Зохиолчийн XVIІ ботид «Сүмбэр уулс» /Сеңгір таулар/ роман, XVIII ботид «Хийморь» /Рух/ тууж болон казахын их яруу найрагч, гүн ухаантан Абайн «Сургаал үг»-ийг монгол хэлээр орчуулан оруулсан байна.

Т.Султан нь 1960-аад оноос уран бүтээлийн замаа эхэлсэн бөгөөд 50 гаруй жилийн хугацаанд туурвисан өгүүллэг, тууж, роман, жүжиг, дуурь, кино зохиолуудаа эмхэтгэн бүтээлийн 20 ботио гаргахаар төлөвлөж байгаа аж.

Ташрамд дурдахад, өнөөдрийг хүртэл түүний "Хүслэн уул", "Ихсийн хүслэн", "Жанибекийн төгсгөл" романууд нь уншигчдын талархлыг хүлээж, "Архалых", "Бэр", "Өнчрөгсөд" жүжгүүд нь аймгийн театрын тайзнаа амилжээ. Мөн "Туулсан зам", "Тэнгэрлэг нутаг", "Гэрээс" зэрэг баримтат, уран сайхны кино нь дэлгэцнээ гарсан юм.

関連ニュース