Жирмийн хөндийгөөс тодорсон дөрөв дэх хөдөлмөрийн баатар С.Чулуунбаатар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-06 14:06:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баяндэлгэр сумын Дөхөм багт Жирмийн хөндий гэх алдартай нутаг бий. Эндээс гурван баатар, нэг гавъяат, мөн олон аваргууд төрсөн байдаг. Тиймээс тус газрыг нутгийнхан аваргуудын хөндий ч гэж нэрлэдэг. Тэгвэл аваргуудын хөндий дахин нэг хөдөлмөрийн баатартай боллоо. Тэр бол Баяндэлгэр сумын Улсын хошой аварга малчин С.Чулуунбаатар юм.

 

С.Чулуунбаатар мал аж ахуйн салбарт 48 ажиллажээ. Энэ хугацаанд мал сүргээ өсгөн үржүүлж, ноос ноолуур, сүү цагаан идээ, мах, арьс шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж, 24 өрхийн 72 хүнийг туслах малчнаар ажиллуулж, нийт 3000 гаруй малыг малжуулах зорилгоор олгожээ. Одоо ч аймаг, сум орон нутгийн бүтээн байгуулалт болон бусад ажилд тогтмол гар бие оролцож, таван хүүдээ төдийгүй нутаг усны залуу малчиддаа өөрийн арга туршлага, мэдлэг чадвараа хуваалцсаар байгаа нэгэн. Ийнхүү түүний Монголын үндэсний уламжлалт мал аж ахуйн салбар болон хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Улсын хошой аварга малчин С.Чулуунбаатарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнав.

 

Тэрээр нүдэндээ нулимстайгаар баярын сэтгэгдлээ хуваалцахдаа, үнэхээр их баяртай байна. Нийт Сүхбаатарчууддаа тэр дундаа Баяндэлгэр сумынхаа малчид, хөдөлмөрчдөд баярлалаа. Өдийг хүртэл дэргэд минь байж, энэ гавьяаг хүртэхэд хамгийн их тус дэм болсон ханьдаа, үр хүүхдүүддээ баярлалаа. Мал дагавал ам тосдоно гэдэг үнэхээр үнэн үг. Би бага наснаасаа мал дагасан хүн. Хэдэн малынхаа ач тус, буянаар баатар хэмээн цоллуулахаар боллоо. Мал сүрэг, нутаг усны минь хайр ивээл үнэхээр их юм гэлээ.

 

Шинэхэн баатраа Сүхбаатарынхан хамтдаа угтан авч, гэр бүл, найз нөхөд болон Улаанбаатар хот дахь Баяндэлгэр сумын нутгийн зөвлөлийн хамт олон хүндэтгэл үзүүлсэн юм.

 

関連ニュース