Ш.Батсайхан: Удмаасаа өвлөж ирсэн авьяасаараа энэ сайхан шагналын эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-06 20:29:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тэнгэр ээж минь өршөө, Наран мандах нутаг, Үлэмжийн сайхан хорвоо гээд монгол түмний дуулах дуртай олон сайхан дууны ая зохиогч СТА Шинэнбалжийн Батсайхан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг хүртсэн билээ. 

Шинэхэн гавьяатаа Сүхбаатарынхан Наран мандах нутаг дууг Улаанбаатар хотын төв талбайд цуурайтуулсаар угтаж авсан юм. Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, шавь хөгжмийн зохиолч СТА Р.Билэгт, дуучин СТА Д.Осгонбаяр, Соёлын ордны дарга асан Ш.Цолмон болон хамт олны төлөөлөл, үр хүүхэд, гэр бүл, найз нөхөд нь түүнд хүндэтгэл үзүүлэв.

Бид залуу наснаасаа эхлэн уран бүтээлээрээ холбогдож нөхөрлөсөн хүмүүс. Түүний аялгуу цаанаа л нэг уянгалаг, сонсголонтой. Сүхбаатарынхан төдийгүй монгол түмний дуулах, сонсох дуртай олон дууг миний найз бүтээсэн. Үнэхээр нүдээ олсон шагнал гэдэг энэ байлаа. Энэ мөчийг бид бүхэн удаан хүлээсэн. Маш их баяртай байна хэмээн МУАЖ Ш.Чимэдцэеэ хэлээд Тэнгэр ээж минь өршөө дуугаа дуулж хурсан олны нүдэнд баярын нулимс хуруулав.

 


УГЗ Ш.Батсайхан боловсрол соёлын салбарт 40 гаруй жил ажилласан. Тэрээр 1980-аад оноос хөгжим сонирхон ая зохиож эхэлжээ. Энэ хугацаанд дууны хөгжмөөс гадна үндэсний найрал, гоцлол хөгжим бүр бүжгийн хөгжим хүртэл хэд хэдийг туурвижээ. Соёлын ордонд хөгжимчнөөр ажлын гараагаа эхэлж, дараа нь Жаахан шарга театрт хөгжмийн багш, ЕБС-д дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ч одоо урилгаар Халзан сумын ЕБС-д багшилж байгаа. Мөн тэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Улиастай хотод урилгаар ажиллан Монгол сургуулийн сурагчдад үндэсний хөгжим, бүтээлийг зааж сурталчилж, аймаг орон нутаг төдийгүй Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж явсан удаатай.

Тэрээр хэлэхдээ, манайхан удмаараа урлагийн, тэр дундаа хөгжмийн авъяастай. Удмаасаа өвлөж ирсэн авьяасаараа урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Маш их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, ах дүү, хамт олон, гэр бүл болон нийт нутгийнхандаааа баярлалаа гэв.

Түүний хүүхдүүд нь ч одоо бүгд урлагийн хүмүүс болсон. Том охин Б.Баттуяа концерт мистер мэргэжилтэй. Өдгөө аймгийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг. Удаах охид Б.Гэрэлтуяа Жаахан шарга театрт хөгжимчнөөр, Б.Сайхантуяа нь бүжигчнээр ажиллаж байна. Бага хүү Б.Баярсайхан нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг чөлөөт уран бүтээлч юм. Түүний хувьд сүүлийн үед аавынхаа дууны уран бүтээлүүдийг шинэчлэн дуулж эхэлсэн байна.

 

関連ニュース