Олимпиадад тэргүүлэгч сурагчид дээд сургуулийн урилга гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙМонгол Улсын шинжлэх ухааны доктор В.Адъяасүрэнгийн нэрэмжит тавин хоёрдугаар олимпиадад ЕБС-ийн 12 дугаар ангиас эхний найман байранд орсон Улаанбаатар хотын “Орчлон”, “Олонлог”, “Сант”, “Эмпати”, Завхан болон Сүхбаатар аймгийн “Жавхлант”, дөрөвдүгээр сургуулийн төгсгөгч О.Бодрол, Г.Баяржавхлан, Б.Пүрэв, З.Батзориг, Б.Алтангэрэл, Ц.Амаржаргал, Э.Хосбаяр, Ж.Ганхүрэл нар “Шинэ монгол” технологийн дээд сургуульд суралцах урилгыг гардан авлаа.
Цэцэрлэг хотноо болсон Монгол улсын математикийн олимпиадад хамгийн дээд гучин долоон оноо авч магнайлсан Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн “г” бүлгийн сурагч Хэнзийн Санжаахүү олон үзүүлэлтээр тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэний зэрэгцээ олимпиадыг зохион байгуулах хорооноос 800000 төгрөгийг гардан авлаа. Түүнийг бэлтгэсэн багш нь П.Сүхбат. Харин ангийн багш нь Раднаабазарийн Доржзовд тус олимпиадаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн аж. Энэхүү залуу багш Г.Адъяахүү, Г.Ганбилэг нарын шавь.
Дашрамд дурдахад, Р.Доржзовд багшийн бэлтгэсэн Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Ч.Чинзориг 17,5 оноогоор улсын олимпиадын хүрэл медалийн эзэн болж дотныхоо хүмүүсийн магнайг тэнийлгэлээ.
Архангай аймагт болсон Монголын математикийн олимпиад өндөр түвшинд шударга болсон гэж олон хүн хэлдэг нь учиртай үнэн үг билээ. Тухайлбал, нийслэл хотын “Олонлог”- сургуулийн багш Б.Еркехулан тус олимпиадад 11,5 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн бол түүний шавь, мөнхүү есдүгээр ангийн сурагч С.Арманбек хүрэл медаль хүртжээ.
Л.Булган