Махны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.3 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс өргөн
хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр
цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2021 оны 1-р сарын 2 дахь долоо хоногт 1 кг
хонины мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн
түвшнээс 2 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 4.5 хувиар, өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 13.3 хувиар тус тус өссөн байна.
Харин 1 кг үхрийн мах дунджаар 8500 төгрөг байгаа нь
өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 6.3 хувиар,
өмнөх оны мөн үеийн үнээс 13.3 хувиар тус тус их байгаа аж.
“Ямааны 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7
хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 27.3 хувиар их байна. Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь
өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх жилийн мөн үеийн дундаж үнийн
түвшинд байна. Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн
дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж
үнээс 4 хувиар их байна.
Нэг литр шингэн сүү дунджаар 2200 төгрөг байгаа нь өмнөх
7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 13 хувиар, өмнөх
оны мөн үеийн дундаж үнээс 10 хувиар тус тус их байна.
Нэг кг задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь
өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 4.3 хувиар
бага, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.2 хувиар их байна.
Харин А-80 бензиний дундаж үнэ литр нь 1513 төгрөг байгаа
нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 0.4
хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар бага байна. А-92 бензиний дундаж үнэ
1613 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх оны
үеийн дундаж үнээс 18.5 хувиар бага байна. Дизелийн түлшний дундаж үнэ 1950
төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн
түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар бага байна” хэмээн аймгийн Статистикийн
хэлтсийн дарга Л.Тунгалаг хэллээ.