Хатуу хөл хориог 7 хоног сунгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр тус аймагт
тогтоогоод байсан хатуу хөл хориог долоо хоногоор дахин сунгалаа. Өөрөөр хэлбэл 4 дүгээр сарын 11-ний 6.00 цаг хүртэл хөл хорио үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд
өвчний тархалтыг зогсооно гэж үзэж байгаа юм.
Одоогоор тус аймагт
батлагдсан тохиолдол 40 болсон бөгөөд Мөнххаан, Уулбаян, Баруун-Урт суманд халдвар илэрч, Мөнххаан суманд голомтлон тархаж байгаа учир дээрх шийдвэрийг
гаргажээ. Батлагдсан тохиолдлуудыг бүгдийг орон нутагтаа эмчилж байгаа бөгөөд 38 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүнийх хүндэвтэр байна гэж ЭМГ-аас мэдээлэв.
Энэ хугацаанд төвийн
доторх хөдөлгөөний хяналтыг чангатгаж, бүх төрийн албан хаагчдыг хөдөлгөөнт
эргүүлд гаргахаар болов. Ингэхдээ тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон
хүргэлтийн үйлчилгээнээс бусад төрлийн автомашинд зөвшөөрөл олгохыг зогсоож,
төрийн албан хаагчдыг төв дотор машинтай хөдөлгөөнд оролцохыг хориглолоо.
Мөн дам харьцагчдын
давтан шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул “Боловсрол өргөө” нэгдсэн
дотуур байрны сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргаж, сум сум руу нь
явуулахаар болов.
Хүнсний дэлгүүрүүдийн
ажиллах цагийн хуваарийг 8.00-20.00 цаг болгож богиносгов.