ТОСК-ийн хоёр дахь орон сууцны шав тавих ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-20 10:27:59

Төрийн өмчийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн 2 дугаар ээлжийн 120 айлын орон сууц барих шав тавих ёслол Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн Бичил хотхонд өчигдөр боллоо.

Шинээр барих орон сууцны шав тавих ёслолд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, Төрийн банкны ерөнхий захирал Баттүвшин, Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан болон ТОСК-ийн инженер, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү Бичил хотхонд шав тавьж буй шинээр баригдах орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны Чингис бондын хөрөнгөөр баригдах ажээ.

ТОСК-ын 120 айлын орон сууц гадна талбайн тохижилт, орчин сайтай юм. Тухайлбал оршин суугчдын тухлан суух, сандал, сүүдрэвч, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайг иж бүрнээр нь шийджээ.

Ховд аймагт 1000 айлын орон бууц барих зорилт амжилттай хэрэгжиж орон сууцны  20 хувийн зээлийг  8 хувь болгож ,дахин 5 хувь болгон бууруулж байгаа нь ажилтай, орлоготой хүн бүр тохилог сууцанд амьдрах боломж бүрдүүлж байгаа юм.

Ховд аймагт өнгөрсөн хавар Төрийн өмчийн орон сууцны корпораци /ТОСК/-аас олгосон  120 айлын түрээсийн орон сууцанд зорилтод бүлгийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн ажилтан, өрх толгойлсон эмэгтэй, залуу гэр бүлийн хүмүүс сугалаа татаж орсон юм.

Тус байранд орохоор нийт 600 гаруй иргэд хүсэлтээ илэрхийлж, өргөдөл өгч байсан нь түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэд олон байгааг харуулж байна.

Aрд иргэдийн энэ хүсэлтийг үндэслэн одоо дахин 4,3 га газар түрээсийн орон сууц барихаар Аймгийн ИТХ-ын шийдвэрээр газрын асуудлыг шийджээ.

ТОСК-ын орон сууцанд одоо амьдарч байгаа ахмадууд тун сэтгэл хангалуун байгаагаа хэлээд дараагийн шинэ баригдах орон сууцанд бидний адил бүл чадал муутай, эрүүл мэндийн хувьд тэнхээ тамир дордсон ахмадуудыг оруулаасай гэж хүслээ.

ТОСК нь Улаанбаатар болон нийт 8 аймагт бүтээн байгуулалт хийж, орон сууцнуудаа ашиглалтад өгөөд байгаа аж.

А.Бямбасүрэн

 

関連ニュース