“Талибан” Шибарган хотыг эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-08 11:40:57

КАБУЛ. /BBC/. “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны хойд нутгийн Жаузжан мужийн нийслэл Шибарган хотыг эзэлснээ мэдэгджээ.


Харин Афганистаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч “BBC” телевизэд, “Засгийн газрын цэргүүд тус хотод байрласан хэвээр байгаа бөгөөд “тун удахгүй” босогчдоос эргүүлэн авна” хэмээн мэдээлсэн байна.


“Талибан”-ы босогчид мужийн хоёр дахь нийслэлийг эзэлсэн нь энэ бөгөөд өмнө нь баруун өмнөд нутгийн Нимроз мужийн Заранж хотыг баасан гарагт булаан авчээ. 


Орон даяар мөргөлдөөн үргэлжилж буй үед аюулаас хамгаалах хүчнийхний хувьд энэ нь томоохон цохилт болжээ.


Мөн хойд нутгийн Кундуз, өмнөд нутгийн Лашкар Гах хотод хүчтэй мөргөлдөөн үргэлжилсээр байгааг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.


Афганистанд 20 жил цэргийн ажиллагаа явуулсан АНУ болон бусад олон улсын хүчнүүд тус улсаас цэргүүдээ гаргаж эхэлснээс хойш орон даяар нөхцөл байдал хүндрээд байгаа юм.


Тодруулбал, “Талибан”-ы босогчид сүүлийн долоо хоногуудад түрэмгийлсэн ажиллагаагаа эрчимжүүлж, хөдөө орон нутагт байр сууриа бэхжүүлээд байгаа бөгөөд одоо томоохон хот суурингуудыг онилох болжээ. 



関連ニュース