“Forbes” Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг танилцууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. “Forbes” сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг "Wildberries" цахим дэлгүүрийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Татьяна Бакальчук тэргүүлжээ.
“Forbes” сэтгүүлээс мэдээлснээр, Бакальчукийн хөрөнгө жилийн дотор 1200 хувиар өсчээ. Энэ үзүүлэлтээр тэрбээр “Forbes 2021” жагсаалтад багтсан дэлхийн тэрбумтнуудын дунд хоёрдугаарт бичигдсэн байна. Бакальчукийн хөрөнгө 13000 сая ам.доллароор үнэлэгджээ.
Өнгөрсөн онд “Wildberries” -ийн эргэлт 437.2 тэрбум рубль байсан бол 2019 онд 96 хувиар өсөж байв. Тавдугаар сарын сүүлчээр “Wildberries” 53 мянган хүнийг түр болон байнгын ажлын байраар хангасан бол он гарснаас хойш бүртгүүлсэн хэрэглэгчдийнх нь тоо 6 саяар өсөж, 46 сая болжээ.
Жагсаалтын хоёрдугаарт, “Inteco Management” компанийн ерөнхийлөгч асан Елена Батурина бичигдсэн байна. Батурина компаниа Микаил Шишхановт зарж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Өнгөрсөн онд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний тухай 1391 удаа бичсэн байна. Батуринагийн хөрөнгө 1 300 сая доллароор үнэлэгджээ.
Гуравдугаар байрыг “Черкизово”-гийн ерөнхий захирал Лидия Михайлова болон түүний гэр бүл эзэлсэн байна. “Черкизово” групп 2019 онд амьдын жингээр 1.16 сая тонн мах үйлдвэрлэсэн нь ОХУ-д үйлдвэрлэсэн нийт махны 7.6 хувийг эзэлж байв гэж сэтгүүлд бичжээ. Жагсаалтын дөрөвдүгээрт, "Лукойл" компанийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч Леонид Федуний охин Екатерина Федун 900 сая ам.долларын хөрөнгөөрөө орсон бол хатуу хөнгөлөлтийн "Светофор" сүлжээг хамтран эзэмшигч, 650 сая ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй Валентин Шнайдер гэр бүлийн хамт бичигдсэн байна.
Оросын хамгийн баян 10 эмэгтэйн жагсаалтад мөн “Прогресс Капитал” компанийн хувьцаа эзэмшигч Ольга Белявцева, “Фосагро” компанийн хувьцаа эзэмшигч Евгения Гурьева, Татьяна Ковальчук, "Содружество" группын үүсгэн байгуулагч, хамтран эзэмшигч Наталья Луценко, тэрбумтан Дмитрий Рыболовлевын хуучин эхнэр Елена Чупракова нар багтсан байна. Тэдний хөрөнгө тус бүр 600 сая ам.доллароор үнэлэгджээ.