Ж.Байден: Кабулд дахин халдлага гарч болзошгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-29 10:51:37

ВАШИНГТОН. /CBS/. Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд дахин халдлага гарах эрсдэл өндөр байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден анхааруулаад, ийм үйлдэл ням гарагт гарч болзошгүйг командлагчид өөрт нь мэдээлснийг уламжилжээ.


Мөн Төрийн департамент “тодорхой хийгээд баттай аюул занал” учрах эрсдэлтэй байгаа тул нисэх буудлын ойр орчмыг орхин явахыг АНУ-ын бүх иргэнд уриалсан байна. АНУ Кабулаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа боловч Их Британийн сүүлчийн ээлжийн цэргүүд, дипломатчид, төлөөлөгчид Кабулыг орхин явжээ.


Пүрэв гарагт амиа золиослогч этгээд нисэх буудлын ойролцоо халдлага үйлдсэний улмаас 170 хүн амиа алджээ. Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс-Хорасан” бүлэглэл хүлээсэн юм. 


Үүнтэй холбогдуулан АНУ баасан гаргийн орой Афганистаны зүүн нутагт дроны цохилт өгч, уг бүлэглэлийн “өндөр албан тушаал бүхий” хоёр гишүүнийг устгаснаа мэдэгджээ. Тэднийг бүлэглэлийн төлөвлөгч, зохицуулагч байсан гэж тодорхойлж байгаа ч Кабулын нисэх буудалд гарсан халдлагыг төлөвлөхөд оролцсон эсэх нь тодорхойгүй байна.


“Энэхүү цохилт сүүлийнх биш. Бид жигшүүртэй халдлага үйлдэхэд оролцсон хэн бүхнийг олж, шийтгэлийг нь хүлээлгэнэ” гэж Ж.Байден бямба гарагт мэдэгджээ.


“Хорасан” нь Афганистан дахь жихадуудын бүлэглэлүүдийн дундаа хамгийн догшин хэрцгий нь бөгөөд улсын ихэнх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод буй “Талибан”-аас нэлээд ялгаатай байна. Уг бүлэглэлийн хувьд америкчуудтай тайван замаар хэлэлцэн дайтахаас татгалзсан хэмээн талибуудыг буруутгаж байгаа аж.


“Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч дроны цохилтын талаар “Reuters” агентлагт мэдээлэхдээ, талибууд агаарын цохилтыг зэмлэн буруушааж буйг мэдэгдээд, америкчууд тэдэнтэй эхлээд яриа хэлэлцээ хийх хэрэгтэй байсан гэжээ. 

関連ニュース