Кабулын нисэх буудалд дахин халдлага гарахаас урьдчилан сэргийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-30 09:15:34

КАБУЛ. /BBC/. АНУ Афганистаны нийслэл Кабул хотод дроны цохилт өгснөөр нисэх буудалд гарах байсан олон хүний аминд халтай өөр нэгэн халдлагаас урьдчилан сэргийллээ гэж АНУ-ын цэргийн төлөөлөгчид мэдээлжээ.


АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, “Лалын улс” бүлэглэлийн Афганистаны салбартай холбоотой наад зах нь нэг хүн сууж явсан тээврийн хэрэгслийг онилон цохилт өгсөн байна.


Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дуусах шатандаа орж байгаатай холбоотойгоор дахин халдлага гарч болзошгүй гэдгийг АНУ мөн анхааруулжээ. Гэсэн хэдий ч ийм нөхцөл байдал үүсээд буйг үл харгалзан Кабулын нисэх буудлаас афганчуудыг “эцсийн мөч хүртэл” нүүлгэн шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.


АНУ, “Талибан” хөдөлгөөний тохиролцсоны дагуу нүүлгэн шилжүүлэх ажиллагааг наймдугаар сарын 31-нд дуусгахаар товлосон юм.


Афганистанаас нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа бусад бүх улс орон хэдийнээ дуусгаад байгаа тул АНУ хамгийн сүүлийн орон болоод байна. Тодруулбал, Британийн цэргүүдийг тээвэрлэсэн сүүлийн нислэгүүд ням гарагт Их Британид газарджээ.


АНУ-ын мэдээлснээр, “Талибан” нийслэлийг хяналтдаа оруулахаас нэг хоногийн өмнө буюу наймдугаар сарын 14-нөөс хойш нисэх буудлаас 110 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.


Кабул дахь “BBC” телевизийн сурвалжлагч Лиз Дусегийн мэдээлснээр, өөрт нь болон хамтран ажиллагсдад нь “Талибан”-аас эмээсэн афганчууд зурвас илгээсээр байгаа ажээ. Тэдний дунд хөгжимчин, их сургуулийн оюутан, эмэгтэй улстөрчид байна. 

関連ニュース