Кени улсад цар тахлын улмаас 740 мянган хүн ажлын байраа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-10 18:26:17

НАЙРОБИ. /Anadolu/. Кени улсад коронавирусний цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн байдал хумигдсантай холбогдуулан 740 мянга орчим хүн ажлын байраа алдсан гэж пүрэв гарагт танилцуулсан тус улсын Засгийн газрын тайланд дурджээ.


Өнгөрсөн оны байдлаар Кени улсын эдийн засагт коронавирусний халдварын тархалт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц удааширсан болохыг тус улсын Сангийн сайд Укур Ятани онцолсон байна.


"Хязгаарлалтын арга хэмжээ, хүн хоорондын зай барих журам хэрэгжсэнээр ажиллах хүчний хомсдол бий болж, бараа, үйлчилгээний эрэлтийг бууруулахад нөлөөлсөн" гэж У.Ятани хэлжээ.


Түүнчлэн Кени улсад ажил эрхэлдэг хүмүүсийн тоо 18.1-17.4 сая болж буурсан нь тус улсад урьд өмнө байгаагүйгээр буурсан үзүүлэлт болсон байна.


“Засгийн газар улс орон даяар ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Эдийн засгаа сэргээх стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд анхаарч байна” хэмээн У.Ятани нэмж дурджээ.


Кенийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 501 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 242284-т хүрчээ.

 

 

関連ニュース