Польш улс хилийн хяналтаа чангатгаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. Энэ сарын 8-9-нд Варшав хотноо болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалт, түүнчлэн долдугаар сарын сүүлээр болох Дэлхийн залуучуудын өдрийг тэмдэглэх арга хэмжээний өмнө Польш улс хөрш орнууд болох Чех, Герман, Литва, Словактай залгаа хилийн боомтууд, нисэх онгоцны буудлуудад бүтэн сарын турш хатуу хяналт тогтооно.
Уг арга хэмжээний хүрээнд бусад орнуудаас ирсэн мэдээлэлд үндэслэн гаалийн гэнэтийн шалгалт хийнэ гэж “Rzeczpospolita” сонинд мэдээлсэн байна.
Польшийн хилээр нэвтрэх 285 цэгт хяналт, шалгалт явуулах ажээ. Үүнээс гадна хилийн хамгаалалтын ажилтнууд мэдээллийн санд нэвтрэх боломжтой зөөврийн тусгай төхөөрөмж болон баримт бичгийн жинхэнэ эсэхийг шалгах төхөөрөмж ашиглана гэж мэдээлэлд дурджээ.
Мөн ОХУ, Украин, Беларусьтай залгаа Польшийн хилийн зурвасын дагуу хяналтыг чангатгана гэж мэдээлэлд онцолсон байна. Өнөөдрөөс эхлэн ОХУ-ын Калининград болон Польшийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлах аж.
Польшийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, удахгүй болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалт нь тус эвслийн түүхэн дэх хамгийн том цугларалт бөгөөд эвслийн гишүүн болон гишүүн бус орнуудыг төлөөлсөн 2000 гаруй хүн уг арга хэмжээнд оролцох ажээ.
Д.Нямтулга