Ажилтан, албан хаагчдынхаа дунд илтгэлийн уралдаан зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилтан, албан хаагчдынхаа дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулсан байна.
Тус уралдаанд 18 албан хаагч оролцсоноос Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн З.Ариунтуяа “Албан хаагчдын ажилдаа хандах хандлагыг судалгаанд түшиглэн илрүүлэх нь” сэдвээр 1-р байр, Зүүнговь сумын мэргэжилтэн Д.Алтантуяа “Ажлын байрны сэтгэл ханамжийг сайжруулах зарим асуудал” сэдвээр 2-р байр, Тариалан сумын мэргэжилтэн З.Шинэболд “Зудад нэрвэгдсэн гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ” сэдвээр 3-р байр эзэлжээ.
Мөн Завхан сумын мэргэжилтэн М.Наранбаатар “Ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь амжилтын үндэс” сэдвээр, Давст сумын мэргэжилтэн Ж.Энхтүвшин “Хамтдаа судалж, ажилдаа нэвтрүүлье” сэдвээр тусгай байр эзэлсэн бөгөөд шалгарсан бүх ажилтнууд дотооддоо аялах эрхээр шагнуулсан байна.
Энэхүү ажлыг цаашид уламжлал болгон зохион байгуулна гэдгээ тус газрын дарга Д.Цогт-Очир илэрхийлсэн юм. Оролцогчдын дэвшүүлж буй гол асуудал нь албан хаагч бүр өөрийгөө ажлын байрандаа тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь цаашдын ажлын амжилтад чухал нөлөөтэй гэж тодорхойлжээ.