АНУ Суданд дэмжлэг үзүүлэхээ зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-26 11:00:38

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ Суданд цэргийн эргэлт гарсантай холбогдуулан тус улсад 700 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээ зогсоож буйгаа даваа гарагт мэдэгджээ.


“Бид Суданд гарсан төрийн эргэлтийг зэмлэн буруушааж байна. Засгийн газрын төлөөлөгчид, улс төрийн удирдагчдыг баривчилсан нь тус улсын ардчилсан дэглэмд шилжих үйл явцыг ганхуулж байна” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгдсэн байна. 


Тэрбээр үргэлжлүүлэн, эдгээр үйл явдлыг харгалзан үзсэний дүнд АНУ Суданд эдийн засгийг дэмжих сангаас яаралтай тусламжийн 700 сая долларын санхүүжилт олгохоо түр зогсоож байна гэв. Мөн баривчлагдсан хүмүүсийг суллаж, шилжилтийн Засгийн газарт эрх мэдлийг эргүүлэн өгч, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриалжээ. 


Даваа гарагт Суданы Бүрэн эрхт зөвлөлийн тэргүүн Абдель Фаттах Аль-Бурхан улсын хэмжээнд онц байдал зарлаж, шилжилтийн бүрэн эрхт зөвлөл болон Засгийн газрыг тараажээ. Цэргийнхэн Ерөнхий сайд Абдулла Хамдук, Бүрэн эрхт зөвлөлийн иргэний төлөөллүүд, хэд хэдэн сайдыг баривчилснаас хэдхэн цагийн дараа уг шийдвэрийг гаргасан байна. 

関連ニュース