Аюулгүйн Зөвлөл Этиопт гал зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-06 11:55:53

НЬЮ-ЙОРК. /AFP/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Этиопын хойд нутагт мөргөлдөөн даамжирч буйд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, гал зогсоохыг сөргөлдөгч талуудад баасан гарагт уриалав.


Аюулгүйн Зөвлөлийн гишүүд мэдэгдэлдээ зөрчил мөргөлдөөн нь хүмүүнлэгийн нөхцөл байдал, цаашлаад улс орон, бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг цохон тэмдэглэжээ.


Мөн үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулахын төлөөх өргөн хүрээний яриа хэлэлцээ эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дайсагналаа зогсоон гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриалсан байна. Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Африкийн Холбоо тэргүүтэй бүс нутгийн байгууллагуудын үүрэг оролцоог дэмжиж буйгаа мөн дахин нотолжээ.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард Этиопын Засгийн газрын цэргүүд, “Тиграйг чөлөөлөх ардын фронт”-ын босогчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсноос хойш Тиграй, Амхара, Афар мужид 5.2 сая орчим хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болоод байгаа юм.


Мөн сүүлийн саруудад хүний амь хөнөөх, тонон дээрэмдэх явдал газар авсны сацуу эрүүл мэндийн төвүүд, фермүүд хийгээд хүнсний үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдолтой усжуулалтын системүүдийг эвдэн сүйтгэсэн нь хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээг улам нэмэгдүүлэх болжээ. 

関連ニュース