Сьерра Леонд шатахуун тээвэрлэгч дэлбэрсний улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-07 11:17:03

ФРИТАУН. /CNN/. Сьерра Леон улсын нийслэл Фритаун хотын захад баасан гаргийн орой шатахуун тээвэрлэгч ачааны тэрэг дэлбэрсний улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 92 хүн гэмтсэн талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ.


Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлснээр, шатахуун тээвэрлэгч ойролцоох станцад шатахуунаа юүлэхийн өмнөхөн боржин чулуу ачсан ачааны тэрэгтэй мөргөлдсөн байна.


Жолооч нар дэлбэрэлт болж болзошгүй тул ослын газраас хол байхыг оршин суугчдад анхааруулж байсан гэдгийг ослын газрын ойролцоо явж байсан хүмүүс мэдээлжээ. Гэвч иргэд шатахуун авахаар олноороо цугларсан үед дэлбэрэлт болжээ.


Сьерра Леоны Ерөнхийлөгч Жулиус Маада Био ийм харамсалтай явдал тохиосонд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлээд, Засгийн газар “осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана” гэж мэдэгдсэн байна. 

関連ニュース