ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Х.Нарантуяа: Говийн элс, бууцанд тарьсан ногоо яг угаасан мэт гоё гардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-13 15:31:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд “Сумынхаа иргэдийг нутгийн хөрсөнд тарьж ургуулсан чанартай хүнсний ногоогоор хангах зорилго бүхий “Далайн баялаг төгөл” хоршоог байгуулаад удаагүй ч хэрэглэгчдэдээ хэдийнэ танигджээ.

2022 оны 1 дүгээр сард 9 гишүүнтэй анхны хурлаа хийж, зохион байгуулалтад орсон тус хоршооны гишүүд хавар шинэ газар хашиж, төмс, хүнсний ногоо тариалж байсан бол 9 дүгээр сард болсон “Дундговь Түншлэл-2022” үзэсгэлэн худалдааны Гран при шагналын эзэн болоод амжсан. Одоо тус хоршоо 20 гишүүнтэй болон өргөжжээ.

Хоршооны гүйцэтгэх захирал Х.Нарантуяа олон жил өрхийнхөө хэрэглээнд төмс, хүнсний ногоо тариалж байсан бол энэ жилээс хоршоонд нэгдэж, гишүүддээ өөрийн мэдэж чадах бүхнийг зааж сургаж байгаа нэгэн.

Тэрээр хэлэхдээ “Зүгээр л цагаан тал дээр газраа шийдүүлчихээд ажлаа эхэлж байсан бол өнөөдөр бүтээгдэхүүнээ талбайгаасаа шууд хэрэглэгчдийн гарт нийлүүлж байна. Үүнд хэрэглэгчид маань сэтгэл хангалуун байгаа” гэлээ.


Яагаад заавал “хоршоо” байгуулаа вэ, компани байгуулж болох байсан шүү дээ? гэсэн асуултад Хоршооны дарга Г.Энхмаа “Би ганцаараа хэн ч биш шүү дээ, ганцаараа юунд ч хүрэхгүй. Надад сумынхаа иргэдийг эрүүл хүнсээр хангахсан гэсэн том зорилго байгаа боловч, би ганцаараа түүнийгээ биелүүлэх боломжгүй юм. Тиймээс л өөр шигээ ижилхэн бодолтой, хүсэл тэмүүлэлтэй хүмүүстэй хамтрах нь хамгийн зөв байсан” гэсэн юм.


Иргэдэд эрүүл хүнс хэрэгтэй байгаа тэр хэрэгцээг хоршооны гишүүд олж харжээ. Хоршооны гишүүн, гүйцэтгэх захирал Х.Нарантуяа олон жил булцуут цэцэг, тэхийн шээг, нохойн хошуу, артишок тарьж, хатааж нунтаглаад “Шимт цай”, “Артишок” гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ маш их байдаг аж.


Тиймээс хоршооныхоо гишүүдтэй хамтран дээрх ургамлуудыг тариалж, энэ бүтээгдэхүүнээ хөгжүүлэх зорилттой байгаагаа танилцуулсан. “Шимт цай” нь булцуут цэцэг, нохойн хошуу, тэхийн шээг гэсэн гурван ургамлын хольцтой. Түүний ач холбогдлын талаар Нарантуяа “Булцуут цэцэг бол 28 төрлийн амин дэм агуулдаг, элэг, цөс, сахар гээд олон төрлийн өвчнийг анагаах увдистай. Тэхийн шээгийг манай ард түмэн эртнээс бөөр давсагны өвчнийг анагаахад хэрэглэдэг. Харин нохойн хошууг хаван буулгах, зүрх, дархлаа сайжруулах зэрэгт уудаг. Тиймээс энэ маань давхар давхар үйлчилгээтэй” гэлээ.

Тарьсан ургамлаа хураан, сэрүүн газар хатааж, хольж нунтаглаад 30 граммаар ууталдаг. Цаашдаа пакеталж, савлаад гаргах зорилготой ажээ.



Хоршоо нь гишүүдийнхээ нийгэм эдийн засгийн нийтлэг хэрэгцээг хангах зорилго бүхий сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулдаг оролцооны байгууллага.


Тиймээс тус хоршоо гишүүддээ төмс, хүнсний ногоо тариалах арга зүйг эзэмшүүлж, говийн хөрсөнд тарьж ургуулсан чанартай, амттай, шинэ ногоог сумынхаа, цаашлаад аймгийн зах зээлд нийлүүлэх, иргэд, хүүхэд залуучуудад энэ арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж, амжилтад хүрч байна.


Саяхан Мандалговь хотноо "Дундговь түншлэл-2022" зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тус үзэсгэлэн худалдаанд 260 гаруй баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид оролцсоноос “Далайн баялаг төгөл” хоршоо “Шилдгийн шилдэг Гран при” шагнал хүртэж, хоршооны гишүүн Х.Нарантуяа "Шилдэг ногоочин" болсон нь тус хоршооны гишүүдийн хөдөлмөрийн үр дүн юм.


Гран при шагнал хүртсэнийхээ дараа Хоршооны дарга Г.Энхмаа “Энэ шагнал бол биднийг цаашдаа улам бүр хичээгээрэй гэсэн маш том итгэл, найдвар гэж бодож байна. Цаашдаа бид улам бүр хичээхийг эрмэлзэнэ. Бидэнд үргэлж зааж зөвлөж, өдөр бүр хичээж байдаг Х.Нарантуяа эгчдээ баярлалаа. Цаашид биднийг улам бүр чадавхжуулж, зааж сургаж, тариаланчид болгож, орон нутгаасаа маш олон шилдэг ногоочдыг төрүүлээрэй” гэлээ.


Дөнгөж байгуулсан шинэ хоршоог Эрдэнэдалай сумаас дэмжин 4.4 га газар олгож, 30 тн-ын ус нөөцлөх сав, “Шинэ хөдөө” төслөөс 2 хүлэмж өгчээ.

Энэ хавар тус хоршоо сумынхаа төвөөс 1.4 км зайд нэг га талбайг хашиж, хөрсөө боловсруулж, төмс, сонгино, саримс, лууван, хүрэн манжин, шар манжин тариалжээ. Түүнчлэн 2 хүлэмждээ чинжүү, газрын алим, улаан лооль, өргөст хэмх тариалж, ургацынхаа дээжийг сумынхаа зах зээлд борлуулж байгаа аж.


Хоршооны 9 гишүүн анх 2020 оны 4 дүгээр сараас “бүл” маягаар ажиллаж, хашаа, хашаандаа тариалалт хийсэн бөгөөд говийн хөрсөнд тарьж ургуулсан шинэ ногооны амт, чанар үнэхээр гайхалтай гэдийг мэдрэн, энэ үнэт зүйлээ нутгийнхаа ард иргэдтэй хуваалцахын чухлыг ойлгосон хэмээн тус хоршооны гишүүд онцолсон. 


Үйл ажиллагааныхаа талаар хоршооны гишүүд “Ногоо маань ургаад, ургацын дээжээ аваад заримаас нь даршилж байна.


Одоогоор бидний ургацын хамгийн том нь 545 грамм шар манжин ургасан. Манай манжинг үйлчлүүлэгчид “ямар гоё цэвэрхэн юм бэ, угаачихаа юу” гэдэг. Говийн элс, бууцанд тарьсан ногоо яг угаасан мэт ийм гоё гардаг.


Олон жил өнжсөн малын өтөг бууц бол тариаланч хүмүүсийн хувьд хөрс бордох гол түүхий эд болдог. Бид нар ямар ч хольцгүйгээр өтөг бууц, элсээр л тариалалт хийсэн.


Өөрсдийн тарьсан хүнсний ногоог хэрэглэнэ гэдэг ямар ч аюулгүй, үнэхээр шим тэжээлтэй, чанартай хоол гэдгийг бид мэдэрч байна. Залхууралгүй зундаа тариалалт хийгээд өвлийнхөө хүнсийг бэлтгээд авчихвал хэчнээн сайхан. Мөнгөнд ч хэмнэлттэй, цаашлаад орлого олох ч боломжтой юм байна. Өөрсдийнхөө тарьсан ногоог амтархан идэх хэчнээн сайхан гэж санана. Тэгээд хоршиж, хамтраад ажиллавал илүү үр дүнтэй юм байна” гэлээ.


Дундговь аймаг энэ жил 74 га талбайд, харин Эрдэнэдалай сум 6 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тариалжээ. Тэдгээрийн нэг га талбайд нь “Далайн баялаг төгөл” хоршоо хүнсний ногоо тариалсан байна.


Цаашдынхаа зорилгын талаар тэд “Хоршоогоо хөгжүүлж, техник, тоног төхөөрөмж худалдан авч, шинэ технологи нэвтрүүлж, хөдөлмөрөө хөнгөвчлөөд, “Шимт цай” бүтээгдэхүүнээ улам хөгжүүлж, савлан гарган брэнд болгоно. Эрүүл байхын тулд бид нутгийнхаа хөрсөнд ургасан шим тэжээлтэй хүнсийг хэрэглэж, монгол уламжлалаа хадгалсан ургамал, цайгаа хэрэглэх нь чухал юм байна” гэлээ.


“Говийн хөрсөнд ямар ч ургамал ургана, энэ газрын хөрсний шим биднийг эрүүл байлгана шүү” хэмээн Монгол Улсын гавъяат агрономич, профессор Чулууны Дамба 1990 оны үед  тэтгэвэртээ гарч, төрөлх говь нутагтаа ирж амьдран маш олон хүнд “төмс, хүнсний ногоо тариалах” сургалт хийж явахдаа шавь нараа зоригжуулан хэлсэн байдаг.


Түүний хэлсэнчлэн “Далайн баялаг төгөл” хоршооны гишүүд говь нутгийнхаа энэ л хөрснөөс иргэдээ эрүүлжүүлэх их зорилго өвөрлөн ийнхүү ажиллаж байна. 



関連ニュース