Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Цэцэрлэг хотноо “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зүй”-сэдэвт сургалтыг наймдугаар сарын 15-наас эхэллээ.
Сургалтыг уг хөтөлбөрийг боловсруулагчид, БСШУЯ-ны хэрэгжилтийн багийнхан, багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйчид, боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, үндэсний лаборатори сургууль болон багш бэлтгэх их дээд сургуулийн багш нар, Архангай аймгийн Боловсрол соёлын газрын удирдлага, мэргэжилтэнгүүд хамтран зохион байгуулж байна.
ЕБС-ийн багш, удирдах ажилтнуудад онол арга зүйн дэмжлэг үзүүлснээр сургалтанд хамрагдагсад бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн төрлүүд, хэрэгжүүлэх менежмент, зорилго, зорилтуудын талаар нэгдсэн ойлголттой болохоос гадна мэргэжлийн багш нар заавал мэдэж, сонгон гүнзгийрүүлж үзэх хөтөлбөрүүдийн агуулгын шинэчлэл, өргөсөл, гүнзгийрлийг судлаж, шинээр нэмэгдсэн ба заахад хүндрэлтэй сэдвүүдийн онол, заах арга зүйд суралцан практик дадлага хийж байна.
Түүнчлэн заавал сонгон судлах судлагдахууны хувьд сургуулийн хөтөлбөр боловсруулах арга аргачлалыг эзэмшиж байгаа юм. Монгол Улс даяар бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал санал зөвлөмжүүдийг үндэсний хэмжээнд нэгтгэх аж. Ийм сургалтыг өмнө нь Ховд, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Булган, Дархан-Уул аймагт явуулсан бол, энэ ээлжинд Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймагт зэрэг зохион байгуулж байна.
Тухайн аймгуудын төвүүдэд хийгдэж буй энэхүү сургалт маргааш орой өндөрлөнө гэж Архангай аймгийн Боловсрол соёлын газрын дарга А.Амгаланбаатар танилцууллаа.
Наймдугаар сарын 23-27-нд дараагийн ээлжийн сургалтыг хотод явуулах ба үүнд нийслэлийн 9 дүүргээс гадна Говь-Сүмбэр аймгийн ЕБС-ийн удирдлага, багш нар хамрагдах юм байна.
Архангай аймаг Л.Булган