ӨВӨРХАНГАЙ: Рашаан булгийн ихэнх нь нянгийн бохирдолтой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас иргэд олноор очиж ууж хэрэглэдэг рашааны чанар найрлагад өөрчлөлтөд орсон эсэхийг тогтоон үнэлгээ өгөх, ундны усны хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох зорилгоор гидрохимийн нарийвчилсан судалгааг хийлгэжээ.
Дэлгэрэх, Бурхи, Хустын рашааныг хэрэглэгчид ариун цэврийг чанд сахиагүйгээс орчин бохирдож, бичил амь судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолттой гарсан байна. Иймээс заавал буцалгаж хэрэглэх ёстойг анхааруулав. Мөн Үүртийн тохойн рашаан нь эрдэслэг, нүүрсхүчлийн хий ихтэй, Хүрэн хадны рашаан дахь магнийн ион стандартаас давсан, стронцийн агууламж их учир тогтмол уухад тохиромжгүй, эмчилгээний зориулалтаар уух боломжтойг тогтоожээ.
Түүнчлэн Ар, Өвөр Гятруун, Эмт, Хүрэмт, Могойтын рашаануудад шинжилгээ хийж,
агуулж буй эрдэс бодисыг тодорхойлсон бөгөөд дийлэнх рашаан булгууд хүний
гараар бохирлогдсоны улмаас шууд уухад тохиромжгүй, цаашид усны эхийг хашиж
хамгаалах, хяналт тавих шаардлагатай байгааг мэдээллээ.
Судалгаанд
Усны чанарын зөвлөх инженер, гидрохимич, доктор Ч.Жавзан, усзүйч, магистр
Б.Саранчимэг, микробиологич, магистр Б.Рэнчинбуд нар оролцсон байна.