ӨВӨРХАНГАЙ: Элчин сайд Кшыштоф Бойко Өвөрхангай аймагт айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. БНПУ-ын Соёлын өдрүүдийг Монгол Улсад ирэх 11 дүгээр сард зохиох гэж байгаатай холбогдуулан Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко Өвөрхангай аймагт дахин ирж, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнтэй уулзалт хийлээ.
Ромын Пап IV Иннокентийн элчээр 1246 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод ирж байсан польш санваартан Бэнэдикт Полакийн дурсгалд зориулсан хөшөөг Хархорин суманд өнөөдөр босгосон бөгөөд ирэх 11 дүгээр сарын 20-иор нээлтийг хийх, тэр үеэр Польшийн дуучны тоглолтыг Арвайхээр суманд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар
хотноо болох хоёр орны ХААИС-ийн хамтарсан уулзалтад Өвөрхангай аймгийн
холбогдох албаныхныг оролцохыг тэрбээр урьсан юм. Аймгийн Засаг даргын орлогч
И.Доржсүрэн дээрх үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлээд ХААИС-ийн уулзалтын үеэр Өвөрхангай аймгаас экспортод гаргах боломжтой
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дээжээс үзэсгэлэн гаргаж, бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр санал солилцох
хүсэлтийг тавилаа.