БАЯН-ӨЛГИЙ: Даянгийн боомт руу цахилгаан шугам, шилэн кабель татна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Даянгийн
боомт чиглэлд хатуу хучилттай авто зам тавьж, цахилгаан дамжуулах агаарын
шугам, шилэн кабель татна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоодугаар сард Даянгийн
боомт дээр ажиллаж, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд тус боомтыг Цагааннуур
боомттой авто замаар холбох шийдвэр гаргасан.
Даян-Цагааннуур боомт чиглэлд авто зам тавьснаар БНХАУ, Монгол Улс, ОХУ-ууд
хамгийн дөт авто замаар холбогдох юм.
Тус бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Орон
нутгийн хөгжлийн сангийн 650 сая төгрөгөөр Даян чиглэлийн хатуу хучилттай авто замын
зураг төслийг хийж байгаа. Мөн 140 сая төгрөгөөр цахилгаан шугам татах, 160 сая
төгрөгөөр шилэн кабель татах ажлын зураг төслийг хийлгэхээр энэ сард тендер
зарлаад байна. Зураг төсөл бэлэн болсны дараа санхүүжилтийн асуудлыг шийдэх аж.
Хилийн Даян авто замын боомт нь 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
байгуулсан. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт Өлгий хотоос 212
орчим км зайд оршдог. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөхтохой хошуунд
байрладаг Хуншаньзюй боомттой хиллэнэ.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын
Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын
хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм. Эдүгээ жил бүрийн
6 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд ажиллаж байна.